Зөвлөгөө

ЕСӨН ЦАГААН ХҮСЛИЙН УЧИГ… ТА БҮХНИЙ ЮУ САНАСАН 9 ЦАГААН ХҮСЭЛ БИЕЛЭХ БОЛТУГАЙ

Өргөл Монголчуудын маш эртний ёс. Өргөлийн дээд сүү бол хорвоо дэлхий дээрх цор ганц хайраас гардаг бүтээгдэхүүн билээ.

Бидний “Юу санасан 9 хүсэл нь биелэх болтугай” гэж цаад учрыг мэдэхгүй ерөөдөг Цацлын есөн нүдэнд Монгол түмний есөн цагаан хүслийг онголж үлдээсэн байдаг.

1 Эрүүл энхийн хүсэл, 2 Эдийн хүсэл, 3 Танин мэдэхийн хүсэл (Боловсролын хүсэл), 4 Харилцахын хүсэл, 5 Хамтран амьдрахын хүсэл, 6 Үрийн хүсэл, 7 Эзэн эрхийн хүсэл, 8 Амирлангуйн хүсэл, 9 Мөнх амьдрахын хүсэл

Хүмүүн эхний зургаан хүсэл ханасан байхад өөр нэг их юм хүсээд байдаггүй. Найм ес гэх хүслүүд нэлээд аугаа хүмүүний хүслүүд болоод ирдэг.

Учиглавал:

1 ЭРҮҮЛ ЭНХИЙН ХҮСЭЛ: Энэ хүсэл ураг болон бүрэлдэхээс эхлээд ү.х.э.х хүртэл үргэлжлэх эрүүл энх байхын хүсэл.

2 ЭДИЙН ХҮСЭЛ. Эхийн хэвлийгээс төрөөд л эд эдлэх хэрэгцээтэй тулгарна. Мөн л v.х.э.н v.х.т.э.л үргэлжлэх хүсэл. Гэдэс цатгалан, мөр бүтэн явахыг, орох оронтой, унах унаатай байхыг хүсэх нь энэ хүсэл. Эрүүл энхийн хүсэл дүүрч байж энэ хүсэл дүүрнэ.

3 ТАНИН МЭДЭХҮЙН ХҮСЭЛ. Хүүхэд яагаад, яагаад гэж шулганан асуух тэр л үеэс танин мэдэхүйн хүсэл таpхинд ассан байна. Хорвоо ертөнц ямар юм, юу зөв, юу буруу гэж учир шалтгаанд суралцаж, ирээдүйдээ тэмүүлэх хүсэл эндээс эхтэй.

Энэ 3 хүсэл ХУВЬ ХҮНИЙ ХҮСЭЛ буюу энэ бол ганц чиний л чадах асуудал гэдгийг нь сайтар ойлгох, ойлгуулах хэрэгтэй. Эдгээр хүслээ дүүргэж дийлсэн хүнийг БИЕЭ ЗАССАН гэнэ.

4 ХАМТРАХЫН ХҮСЭЛ. Хамтарч хийж бүтээх, сурсан мэдсэнээ хуваалцах, чадахгүйгээ дэмнүүлэх, сэтгэл санаагаа хуваалцах анд нөхдийн хэрэгцээ v.х.э.н v.х.т.э.л үргэлжилнэ.

5 ХАНИЙН ХҮСЭЛ. Хамтрахын хүслээс урган гарна.Олон сайхан найз нөхдөөсөө онцолж нэгтэй нь л амьдралыг хамтдаа туулах хүсэл юм. Хоёр талаасаа адилхан өгч, үүндээ хариу нэхэхгүйгээр сэтгэл хангалуун байх нь гол нууц нь.

6 ҮРИЙН ХҮСЭЛ. Ханийн хүсэл биелж байж үрийн хүсэл биелнэ.Үрийн хүсэл гэдэг нь зөвхөн хүн төрүүлэх төдий биш, үрээ хайрлаж халамжилж, сургаж хүмүүжүүлж, бусдад дэмтэй тустай, төрдөө хэмтэй түшигтэй хүнийг бий болгох хүсэл юм. Хүнээр хүн хийж чадсан хүн, хүүхдээ хүмүүжүүлж чадсан хүнд л дараа дараагийн хүсэл биелдэг.

Эдгээр 3 хүсэл нь ХАМТЫН ХҮСЭЛ юм. Ганц хүн хүсээд л бүтэхгүй, заавал хамтдаа хүсэх нэгэн байж байж л энэ хүсэл биелнэ. Эндээс л гэр бүл бүрийн, хамт олон бүрийн, ний олны нийхэм хамтын сайн сайхан бий болдог.

Өөрийн болоод өрөөл нэгний эдгээр 3 хүслийг дүүргэж дийлсэн хүнийг ГЭРЭЭ ЗАССАН гэнэ.

7 ЭЗЭН ЭРХИЙН ХҮСЭЛ. Юу чадна, түүгээрээ хүлээн зөвшөөрөгдөх, юу бүтээсэн, түүндээ эзэн болох хүсэл. Энэ биедээ эзэн болохыг хүснэ, суу гэсэн газар сууж, яв гэсэн газар явахыг үл хүснэ. Эд хөрөнгөдөө эзэн байхыг, сурсан мэдсэндээ эзэн байхыг, хийсэн бүтээсэндээ эзэн байхыг, амласан амлалтандаа, өргөсөн тангарагтаа, өрх гэртээ эзэн байхыг хүснэ. Эзэн эрхийн хүслийг дүүргэхэд ХАРИУЦЛАГА чухал.

8 ЭНХ АМГАЛАНГИЙН ХҮСЭЛ. Эрүүл саруул, чинээлэг хангалуун, эрдэмтэй мэдлэгтэй, олонтой түмэнтэй, сайн хань, сайхан үртэй, энэ бүхэндээ эзэн болсон хэн ч бусдыг бас ийм л болоосой гэж хүсэх хүсэл. Монголчууд биеийн амраас илүү сэтгэлийн амгаланг хүсдэг байсан гэдэг.

9 МӨНХ ОРШИХУЙН ХҮСЭЛ. Эрүүл саруул, чинээлэг хангалуун, эрдэмтэй мэдлэгтэй, олонтой түмэнтэй, сайн ханьтай, сайхан үртэй, энэ бүхэндээ эзэн болсон, энх амгалан амьдралыг үрээс үрд мөнх үргэлжлүүлэх хүсэл юм. Хүссэн хүсээгүй амьдрал мөнхөд үргэлжилнэ, тэнд өөрсдийнх нь үр удам амьдарч байх тул мөнхөд түвшин сайхан байгаасаа гэж хүснэ.

Энэ 3 хүсэл төртэй байж биелэх ТӨРИЙН ХҮСЭЛ юм.

Тиймээс л хүн ард төрөө дээдлэн, төрөө мөнхөд оршоон байж сүүлийн 3 хүслийг дүүргэхийг эрмэлздэг. Хүн бүрийн эдгээр 3 хүслийг хангаж чадсан хүнийг ТӨРӨӨ ЗАССАН гэж үзнэ.

Эцэг өвгөд минь эдгээр хүслийн зүй тогтлыг таниж мэдэн, олж авснаа хойч үедээ үргэлж сануулах гэж цацлын 9 нүдээр билэгдэн, юу санасан 9 цагаан хүсэл нь дүүрэн байх болтугай гэж ерөөл өргөн үлдээжээ.

ТА БҮХНИЙ ЮУ САНАСАН 9 ЦАГААН ХҮСЭЛ БИЕЛЭХ БОЛТУГАЙ

ТА МОНГОЛ ЭЭЖ

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button