Болсон Явдал

5 настай Лхамсүрэн охин yyланд төөрч хожим Хээрийн Чоно хэмээх хочтой болсон бодит түүх

Одоогоос 52 жилийн өмнө буюу 1966 оны тавдугаар сарын 15-нд Архангай аймгийн Цэнхэр сумын Бүрд багийн малчин Готовсүрэнгийн отгон охин, таван настай Лхамсүрэн хонинд яваад цасан шамарганаар алга болжээ.

Охиноо олоогүй ар гэрийнхэн нь цөхрөнгөө барж ламаар хойдохыг нь уншуулжээ. Гэтэл тус багийн бага сургуулийн галч С.Сумъяа Лхамсүрэн охиныг Хувьт хэмээх газраас олж аав ээжид нь эсэн мэнд хүргэж өгсөн юм байна. Энэ түүхийг тус сумын иргэд одоо ч ам дамжуулан ярьдаг. Охиныг аварсан С.Сумъяатай ярилцлаа.

-Та тэр үед хэдэн настай байсан бэ? -18 настай байлаа.

-Чухам юу болсон талаар сонирхуулахгүй юу?

-1966 оны тавдугаар сарын 15-ны өдөр. Хуучин социалист нийгмийн үед тэр өдөр чинь мал мах авдаг өдөр байсан юм. Би тэр үед бригадын бага сургуульд галчаар ажилладаг байлаа. Тэр өдөр их сайхан дулаахан байсан юм.

Би ч орой гэртээ харьчихаад маргааш нь сургууль дээр ирлээ. Үдийн алдад захирал биднийг дуудаад хуралдлаа. “Өчигдөр орой Готовсүрэн ахын бага охин нь хониндоо яваад төөрчээ. Аав, ээж нь “Хонио туугаад ир” гэсэн байна. Охиныг явсны дараа цасан шамарга тавьсан. Охиныг одоо болтол олоогүй” гэдэг юм байна.

Хонь нь ирчихсэн, охин нь алга. Улсууд охиныг эрээд байдаг. Арваад хүн өдөржингөө эрээд олсонгүй” гэлээ. Тэгээд “Охиныг эрцгээе” гэж Намын үүр, сургуулийн захиргаанаас шийдээд тэр өдөр бараг гучаад хүн эрэлд гарсан юм.

Охины алга болсон газар нь хадтай, модтой. Зүйрлэж хэлбэл энэ Богд уулын ар шиг тийм газар. Дов сондуул, нүх жалга, мод бүгдийг нэгжицгээлээ. Харуй бүрий болж юм харагдахаа байлаа. Тэгээд эрлийн баг маань бууж Готовсүрэн ахынд цуглаад маргааш эрлээ үргэлжлүүлэхээр боллоо.

Маргааш нь 80-аад хүн эрэлд гарлаа даа. Морьтой, явган, таяг тулсан эмээ, өвөө нар гээд бүгд хөдөллөө. Бид ар газрыг нэгжээд яваад байлаа. Тэр арыг нэгжээд хоёр, гурван өдөр яваад олдоггүй.

Эрлийн дөрөв дэх өдөр нь би сургууль дээрээ өнжсөн юм. Тэр өдөр багийн төвөөс сумын төв, нэгдлийн дарга тэргүүтэй хариуцлагатай хүмүүст болсон явдлыг мэдэгдэж, таван настай охин алга болоод дөрөв хонолоо гэдгийг дуулгаж тусламж дуудацгаасан. Сумаас аймгийн төв рүү мэдэгдэж эрлийн тав дахь өдөр нь аймгаас хүмүүс ирсэн.

Готовсүрэн гуай цөхрөөд хэд хэдэн ламд үзүүлэхэд бүгд охиныг нь нac бapжээ гэсэн байгаа юм. Готовсүрэн гуай өөрөө лам байсан, шүтлэгтэй хүн. Манай аав дээр үед бас лам байсан, гандан хийдэд суудаг, алт мөнгөний дархан, бариа засал хийдэг, зоос гүйлгэдэг, анчuн, эх барьдаг, хүн эмчилдэг мундаг авьяас билэгтэй хүн байсан юм.

-Архангайд дээхэн үед олон ч сүм хийд байсан шүү дээ?

-Манай бригадын төвд том хийд байсан юм билээ. Тэр хийдийг байхад л сууж байсан хүмүүс байхгүй юу. Аавыг минь Готовсүрэн гуайнд очтол алга болсон Лхамсүрэнгийн хойдохыг дөрөв таван ламаар уншуулж байсан гэсэн. “Охин минь нac бapчихжээ. Олдохгүй байна” гэцгээсэн байгаа юм. Аав “Охин чинь амьд байна. Та нар зоос гүйлгэж, чулуу татдаг байж яагаад амьд гэдгийг нь мэдэхгүй байгаа юм. Наад номоо боль” гэж уурлаад тэднийхээс гараад ирсэн гэдэг.

-“Сэрэлт” кинон дээр гардаг шиг л юм болж дээ. “Охин чинь хойд насандаа хонин гүрвэл болж төрнө” гэдэг шиг?

-Намайг ажлаас иртэл аав минь зоос гүйлгэж, чулуу татаж сууж байснаа “Энэ хүүхэд амьд байна. Энүүхэн энд Хувьтын тэнд байна. Миний хүү маргааш тийш яв” гэлээ. Хувьт нь зүүн тийшээ урссан горхитой.

Охин нар буруу тойрсоор 20 гаруй км явчихсан гэсэн үг л дээ, аавын төлгөөр. Хоршооны манаач Сэр-Од ахтай Хувьт руу явахаар тохирлоо. Маргааш өдөр нь сургуулийн захирал намайг эрэлд гар гэж хөөх шахуу хэллээ.

Би 15 цагийн үед сургуулиасаа хөдлөөд гэртээ очоод морио эмээллээ. Сэр-Од ах ч ирлээ. Хоёулаа бyyгаа үүрчихлээ. Хувьтаар давлаа. Хөндлөн булаг гэдэг даваатай ар байдаг юм. Дээгүүр нь Сэр-Од ах, би модны дундуур явлаа.

Цаашаа явж байтал нэг чандага модон дотроос ухасхийлээ дээ. Чандагыг бyyдах гэхээр хөдлөөд болдоггүй. Хөөцөлдөж явсаар нэлээд холдчихлоо. Буцаад ирэхэд морь минь зогссон газраа байж л байсан.

Aнчдын морь эзнээ чимээгүй хүлээгээд сурчихсан байдаг юм. Морь руугаа дөхөөд очтол шогшоод цааш явчихлаа. Шогшсоор усны захад очоод идээд эхэллээ. Тэгэхээр нь морио орхичихоод дөрвөн том цохионы хамгийн том цохион дээр нь гараад баруун тийшээ хүн тавьдгийн Шар тээгийн тийшээ дурандаад л байлаа.

Тэгээд буцаад горхио уруудаад дурандтал нэг хүн байна аа. Үс нь салхинд хийсэж байна. Усны захад суучихсан, доошоогоо бөгтийгөөд л юм түүж идээд байх юм. Улаан дээлтэй гарсан гэсэн, яг мөн дөө. Гэзэг нь салхинд хийсээд.

Би нүдэндээ итгэхгүй дөрөв таван удаа дахин дахин дурандлаа. Доошоо суугаад юм түүгээд л идэж байгаа бололтой. Өвс түүж идэж голоо зогоож байгаа бололтой гэж бодоод буугаад очлоо доо. Хүүхэд рүү дөхөөд 50-иад метр ойрттол өнөөх чинь зугтдаг байна шүү.

Би мориноосоо үсэрч л буугаад араас нь гүйж очоод хормойдож бариад авлаа. Хүүхэд ч уйлдаг юм, би ч yйллаа. Хоёулаа цурхиртал yйллаа. “Чи хаачив аа” гэвэл “Хонь, хонь хаана байна” гээд байх юм.

Би “Хонийг чинь олсоон, гадаанаа байгаа. Чи хаагуур явав аа” гэхээр “Би яваад л байсан” гэх юм. Хоёулаа yйлаад л. Морин дээрээ охиныг урдаа дүүрэх гэхээр урагшаа хардаггүй. Над руу эргэж харж суух гээд болдоггүй.

Би эмээлийнхээ ард суугаад, охиныг эмээл дээрээ суулгаж байгаад ярилцлаа. “Чи хаагуур юу хийв” гэвэл “Би хонио хайгаад байсан” гэж байна. “Чи горхины захад юу хийж байв” гэж асуутал “Би ус уугаад өлсөөд ногоо зулгааж өвс идсэн” гэж байна.

-Тавхан настай охин шүү дээ?

-Охин “Би модон дотор л яваад байсан. Шөнө унтаж байсан чинь чоно yлиад байсан. Чоно хажуугаар яваад байсан” гэж байна. Хувьтын горхины цаагуур хадтай. Охиноос “Хаана хонож байв” гэж асуусан чинь “Би тэнд хадны доор хоносон” гээд горхины цаадах хад руу зааж байна.

“Тэнд унтаад, энд ирж ус уугаад дахиж унтаад өвс идсэн” гэж байна. “Одоо чи хаачихна вэ” гэж асуутал “Хонио хайна” гэдэг юм. Ээж, ааваа ерөөсөө дурсахгүй байгаа юм. Санаанд нь орж, ярьж байгаа юм нь л хонь. Хонины хойноос л явсан хүүхэд, хонио л ярьж, ус ууж, өвс идсэнээ яриад байгаа юм.

Хөндлөн булгаар даваад охины аавынх нь ах Гомбын фермд очлоо. Замаасаа Сэр-Од ахыг дуудаж олж авлаа. Сэр-Од ах гайхаад юм ч дуугарч чадахгүй бид хоёрын ард явж байснаа доошоо давхиад алга болчихлоо.

Ферм дээр очтол фермийнхэн бүгд гаднаа зогсож байна. Нөгөө хүүхэд маань мориноос буудаггүй. Надаас тас тэврээд “Буухгүй” гээд болдоггүй. Фермийнхэн бид хоёрыг эмээлтэй нь өргөөд буулгалаа.

Гомбо ах “Хамаагүй юм өгдөггүй юм шүү. Сүү, хярам өгөөрэй” гэлээ. Хөөрүүлсэн сүү өгтөл гуд гуд залгилаад уучихлаа. Нэг гамбир өглөө. Өөр хүн дээр очдоггүй. Гамбираа над руу хараад л идээд байгаа юм.

Тэндээс хөдлөхөд бид гурвыг фермийн хориод хүн морьтойгоо дагалаа даа. Наадам болж байгаа юм шиг. Зарим нь түрүүлж очоод гэр орныхонд нь хэл дуулгах гээд давхиад явчихлаа. Охин надаас өөр хүн рүү хардаггүй, өвөр рүү минь толгойгоо нааж байгаад л гамбираа яах ийхийн зуургүй идээд дуусгачихсан.

-Хүний эцэг, эхийн горьдлого тасардаггүй. Охиныг нь олоод очиход ямар байдалтай угтав?

-Биднийг дөхөөд очтол ээж нь муураад л унаад өглөө. Хүмүүс нүдэндээ нулимстай угтацгаалаа. Мориноос минь бид хоёрыг өргөж буулгалаа. Эмнэлгийн тэрэг, сэргийлэгчид ч ирчихэж. Ээж нь ухаан ордоггүй. Охин аавдаа ч очихгүй, надаас зулгаагаад байдаг. Гэрт хүмүүс багтахаа байлаа.

“Гараад байж бай” гэсээр гаргалаа. Ээж нь сэхээд ухаан оронгуутаа охиноо барьж аваад yйллаа. Тэднийх зургаан хүүхэдтэй. Таван охин, нэг хүүтэй. Алга болсон Лхамсүрэн чинь таван охиных нь отгон нь байхгүй юу.

Ээж нь охиноо тэвэрч аваад л уйлаад нэлээд юм боллоо. Эмч хажууд нь сууж хамарт нь юм үнэртүүлнэ. “УАЗ 469” машинтай сэргийлэгчид надаас тайлбар авлаа. “Багийн дарга Дагвадорждоо хэлээрэй. Чамд медаль өгнө” гэж хэлээд тэр хүмүүс яваад өгсөн.

-“Шударга журам” медаль юм болов уу?

-Бодвол тийм л байх. “Материалаа заавал явуулаарай” гээд л тэр цагдаа нар явчихлаа. Нар ч жаргалаа. Хүмүүс гэр гэртээ харьцгаалаа. Готовсүрэн ах авдраа уудалж байгаад дээр үеийн самбай хадаган дээр 10 төгрөг тавиад “Ах нь дүүдээ нэг морь, тугаллаад гурав хонож байгаа үнээ өгье. Маргааш ирээд аваарай” гэж байна. Би ч их баярласан гэж жигтэйхэн.

Гэртээ очлоо. Аав маань лааны гэрэлд ном уншаад сууж байна. Би юу болсныг нэгд нэгэнгүй ярилаа. “Надад медаль өгөх юм байх аа, аав минь. Дагвадоржоор тодорхойлолт хийлгээд гарын үсгийг зуруулаарай” гэсэн гэлээ. Аавдаа хадаг, 10 төгрөгийг нь өглөө. Ээж маань ч баярлаж байна. Тэгтэл аав “Готовсүрэнгийнх хүүхнүүд голдуу олон хүүхэдтэй айл. Морийг нь авъя, үнээг нь авахгүй ээ” гэж байна.

Маргааш нь сургуулийнхан намайг магтлаа, аавыг минь ч магтаад “Гоорон ах шиг мэргэч төлгөч хүн байхгүй” гээд ам уралдан сайшаалаа даа. Манай нутгийнхан аавыг минь Гоорон гэж авгайлдаг байсан юм. Сургууль ч амарлаа, айлууд тал тал тийшээ нүүлээ. Тэгээд л тэр үйл явдал намжсан даа.

-Тухайн үеийн хөдөөний таван настай хүүхэд гэдэг малд нүдтэй, гар хөлийн үзүүрт зарагддаг хэрэндээ л хатуужилтай байж дээ?

-Одооны хүүхэд байсан бол yйлаад сүйд болох байсан байх. “Чоно yлиад л хажуугаар яваад байсан” гэж байгаа юм. Би энэ болсон үйл явдлыг олон жил сэтгэлдээ хадгалж явлаа л даа. Г.Лхамсүрэнд “Хоёулаа энэ болсон явдлыг нийтэд хүргэе. Түүх болгож үлдээе” гэсэн чинь ихэд татгалзаж “Би одоо юу ч санахгүй. Жаахан хүүхэд байсан шүү дээ. Надад ярих юм байхгүй. Би мэдэхгүй шүү дээ. Би хонинд яваад төөрсөн нь үнэн, та намайг олсон нь үнэн” гэдэг юм.

Г.Лхамсүрэнг найман нас хүрээд сургуульд ороход нь үеийнхэн нь, ангийнхан нь “Хээрийн чоно” гээд хоч өгчихсөн юм билээ. Лхамсүрэн гэж нэрээр нь дуудахгүй, “Хээрийн чоно”-оо гэж дууддаг байсан.

Саяхан нутгийн золголт болоход ангийнхан хүүхдүүд ирсэн. Тэд ч “Хээрийн чоно” гэж ярьж байгаа юм. Тийм болохоор Лхамсүрэн маань тэр хочноосоо ичдэг ч юм уу, энэ талаар ярих дургүй байдаг юм шиг санагдсан.

-Тэр гэнэтийн гэмээр aйдастай тав хоног Лхамсүрэнгийн ой санамжид хэр ул мөрөө үлдээсэн бол. Одоо ой модоор явахдаа, чонын yлиан сонсоод aйдаг болов уу?

-Лхамсүрэнг олоод Хөндлөн булгийн даваа руу давахад охин аав, ээж, гэр орноо сураглаж ерөөсөө яриагүй. Хонь хаана байна, хонь хаачив гээд байсан. Битүү модтой, хоёр уулыг тойрохдоо 20 гаран км газрыг туулсан байгаа юм. Их хэцүү замтай газар. Тийм болохоор охин хонио л хайж явснаас өөр бусад юманд анхаарлаа төдийлөн хандуулаагүй байх гэж боддог юм.

-Г.Лхамсүрэн одоо хаана байна вэ?

-Цэнхэр сумын Бүрд багтаа амьдарч байна. Малчин. Энд нэг хүү нь Яармагт хийдэд лам, нэг охин нь “Хаан” банкинд теллер хийдэг юм. Бас нэг охин нь Цэнхэр суманд бага ангийн багш. Хөдөө хоёр хүү нь малчин. Ийм өнөр өтгөн айлын эзэгтэй болсон доо.

-Хэрвээ тэр үед та Лхамсүрэнг олоогүй байсан бол яах байсан бол?

-Буруу тийш эргээд бүр төөрөөд алга болчих ч байсан юм билүү. Эсвэл чоно нохой таарсан бол яана гэж бодогдоно шүү. Цэрэгт ирээд хүмүүст ярихаар намайг их хүндэлнэ. “Сумъяа хүүхэд олсон юм гэнэ лээ” гэнэ.

Манай нутгийнхан надад үнэхээр сайн хандана. Нутагтаа очихоор Лхамсүрэнгийн ах дүүс надад байдгаа бариад л хамаг бүхнээ дэлгэж дайлж цайлаад сүрхий байдаг юм. Би чинь сумандаа их нэр хүндтэй хүн шүү (инээв).

Ямартай ч тэртээ 52 жилийн өмнө болсон ийм нэг явдлыг ярьж байгаа минь болсон бодит үйл явдлыг архивлаж үлдээж байгаа хэрэг юм шүү. Аягүй бол хэдэн жилийн дараа Цэнхэр сумын Бүрд бригадын “Хээрийн чоно” гээд хүмүүс буруу зөрүү юм ойлгочих болов уу гээд энэ бүхнийг ярилаа.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button