Болсон Явдал

Тэр нууцлаг захиа намайг Шар Хад руу явахад хүргэнэ гэж би төсөөлөөчгүй явсан гэвч тэр өдөр …

Энэ тухай далаад оны сүүлчээр нэг хэсэг ихэд шуугисан билээ. Нийслэлийн Тавдугаар арван жилийн сургуулийн төгсөх ангийн сурагч Нараа гэдэг охинд цэргийн гэх нэгэн залуугаас үргэлж захидал ирдэг болжээ.

Захидлыг ямагт сургуулийн жижүүр дээр авчрах бөгөөд хаяглаж, марк нааснаас үзвэл яах аргагүй захиа байжээ. Хамгийн хачин нь буцах хаяггүй байсан гэдэг билээ. Тэр үед цаг тийм ч таатай байгаагүй болохоор цэргийн анги нууц байх ёстой юм байлгүй гээд эхэндээ тоогоогүй гэдэг.

Анхны захиа ийн иржээ. Нэгэн завсарлагаанаар жижүүр ангийн сурагч “Чамайг үүдний жижүүр дээр дуудаж байна” гэжээ. Яваад очвол нэгэн захиа өгөөд “Ширээн дээр орхиод явсан байна лээ” гэжээ. Хаанаас, хэнээс ирээ вэ гээд хаягийг нь харвал цэнхэр бэхээр байлдагч гээд гарын үсгээ гаргахын аргагүй таталсан байж.

Нэгэнт л захиа авсан болохоор ангийнхнаасаа нууж уншаад бүр мэл гайхаж, цэл хөхөрчээ. Сүүлдээ бүр ихэд aйcaн байна. Захианд иймэрхүү утгаар бичсэн байжээ.

“Сайн уу Нараа? Хичээл ном нь сайн биз дээ? Үеийнхэнтэйгээ үймж шуугиад л явна уу? Чамайг анх харсан тэр өдрөөс хойш өдрийн бодол, шөнийн зүүд болсон ч уулзаж ярилцах боломжгүйгээс ийнхүү захиа бичихэд хүрснийг минь болгооно биз ээ. Би хариу бичих боломжгүй “өөр” газраас бичиж байна.

Захидлыг маань чи л уншиж байвал болох нь тэр. Би чамтай бараг цаг ямагт хамт байдаг гэхэд болно. Тэгэхдээ чамтай ганц, хоёр үг солих даанч боломжгүй юм даа. Тэгээд ч зөвхөн энэхүү захидлаараа л харилцаж явахаас даа. Чи хариу бичих гээд хэрэггүй ээ.

Чи энэ жил аравдугаар ангиа төгсөнө шүү дээ. Сургуулиа төгсөөд мэдээж конкурсдэх биз. Эмч л болно гэдэг биз дээ? Эмч ч сайхан мэргэжил шүү. Чамд яг таарна. Шалгалтдаа сайн бэлдээрэй. Чи чадна аа. Би сайн мэдэж байна.

Тэр үед чамтай цаг ямагт хамт байна аа. Одоо юу байхав дээ. Нэг л мэдэхэд он гарчих юм чинь. Хавар болно. Хонхны баяр, тэгээд хүүхдийн сүүлчийн баяр болоод л төгсчихнө шүү дээ. Чамайг үргэлж харж явдаг даа. Чамдаа хайртай шүү. Гэхдээ энэ талаар хожим ярья даа” гэх зэргээр бичжээ.

Энэхүү захиаг хүлээж авсан Нараа бүр бaлмагдчихжээ. Яахаа ч мэдэхээ байсан байна. Тэгээд элдвийн л юм боджээ. Аль ч хамаагүй аймгийн аль нэг сургуулийн ижил ангийн ижил бүлгийн журналын дугаар адил хүүхдэд захидал илгээн танилцдаг сайхан уламжлал уг нь байсан юм л даа.

Тэгтэл тэр захианд тийм юмны үнэр байсангүй. Байлдагч тэр. Тэгээд л болоо. Цэргээс захиа ирж болох ч эхлээд танилцах ёстой биз дээ. Тэр тэгсэнгүй. Шууд л Нараа гээд бүр анагаахад элсэлтийн шалгалт өгөхийг нь ч мэдэж байв.

Иймэрхүү нэг битүүлэг юмтай учирсандаа Нараа алмайран явжээ. Тэгээд хэсэг мартагнаж байтал ээлжит захиа иржээ. Хичээлээ тараад харихаар гартал нь нөгөө ээлжийн жижүүр “Чи арвын Г-гийнх байх аа? Энэ захиа ирсэн байна. Ширээн дээр орхичихож. Бүр мартчих шахлаа” гээд нэгэн захиа сарвайжээ.

Нараа цoчих шиг болсоноо авч үзвэл яг түрүүчийнх шиг хачин захиа байжээ. Caлганан, чичрэн байж захидлыг аваад цүнхэндээ хийчихжээ. Бараг хар гүйхээрээ харьжээ. Тэр яахаа ч мэдэхээ байсан байв.

Ангийнхнаасаа арай илүү дотно Болорт хэлээд үзэхээр шийджээ. Ингээд захидлаа аваад Болорынд очсон байна. Ангийн анд нь ч сонсоод мэл гайхжээ. Тэгээд захидлыг задалцгаасан байна. Захидалд ийн өгүүлжээ. “Чамдаа Шинэ оны мэнд хүргэе. Хоёр, гуравхан хоноод он гарах нь байна шүү. Урьдчилан бичиж байгааг минь ойлгоно биз ээ. Захидал бичилгүй удсанд уучлаарай. Хүний ёсоор хүссэн цагтаа бичиж чадах биш” Энэ өгүүлбэр их хачин санагджээ.

“Хүний ёсоор хүссэн цагтаа бичиж чадах биш” гэдэг юу гэсэн үг вэ? Болор үүнийг дахин дахин уншаад хэрдээ л нэг гаргалгаа хийжээ. Тэрээр найздаа ийн зөвлөсөн байгаа юм. “Цэргийн хүн юм чинь яаж бидэн шиг чөлөөтэй бичиж чадах юм бэ? Тэгээд ч шинэ цэрэг байх.

Шинэ цэргүүд дураараа байж чаддаггүй гэсэн. Хоёр дахь жилээсээ арай гайгүй болдог юм гэнэ лээ. Гурав дахь жил рүүгээ орчихвол бүр энгийн хүн шиг болчихдог гэсэн ш дээ. Тэр үед харин чамд бараг өдөр бүр бичих биз. Одоо ингэж бичиж байхыг бодоход чамд яах аргагүй сайн хүн шиг байна” хэмээжээ.

“Чи сайн бодох хэрэгтэй. Цэцэрлэг, сургуульд хамт байсан юм уу гэр ойролцоо нэгэн байж бас болох шүү дээ. Тэгээд чөлөөтэй бичиж болох цаг ирэхээр нэр устайгаа бичих байлгүй. Зарим цэргийн анги нууц байдаг юм гэнэ лээ” гэх зэргээр цэцэрхжээ.

Түүнээс хойш захидлыг ямагт хоёулаа уншдаг болсон байна. Захидлууд энгийн агаад товчхон бас тодорхой ажээ. Гурав дахь захианд ийн бичжээ. “Бас л завгүй байсаар удчихлаа. Уучилна биз. Гэхдээ миний хувьд чамтайгаа үргэлж хамт байдаг болохоор санаа зовох зүйл үгүй. Цагаан сар хаяанд ирлээ. Хэдийгээр хорьдог ч гэсэн хоёулаа болно оо. Чи л хаана явна, би тэнд байна аа” гэж ирээд л бичсэн байна.

Болор хоёул ярилцаад Нараагийн ээжид хэлэх эсэх талаар ярилцжээ. Тэр үнэндээ хамгийн зөв шийд байсан байж мэдэх юм. Насанд хүрсэн хүн, тэгээд ч ээж нь болохоор нэг шийд гаргах байсныг үгүйсгэх аргагүй л дээ. Тэгээд тэд хэсэг тээнэгэлзээд адаг сүүлд нь хэрэггүй гэж үзсэн нь алдаа болсон байж ч болох юм.

Одоохондоо ямар нэг аюултай юм байх биш жаал харзнах хэрэгтэй гэцгээжээ. Захидлуудыг юу ч гэсэн хадгалж байхаар шийджээ. Ингээд хичээлдээ явж байтал Мартын наймнаар захиа ирэх нь тэр. “Чамдаа эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Би ч амьдралдаа анх удаа эмэгтэй хүнд эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэсэн захиа бичиж байна. Урьд нь ийм захиа огт бичиж байгаагүй юм шүү.

Бусадтай адил бэлэг сэлт өгөх боломжгүй ч захиагаараа сэтгэлээ илчилье. Миний байгаа газрыг та нар ёстой төсөөлөхгүй дээ. Чамдаа хайртай шүү. Оддын чанадаас…” гэж ирээд л бичжээ. Захидал бүр гайхаш төрүүлж орхив. “Оддын чанадаас…” гэж юу гэсэн үг вэ гэдэг асуудал гараад иржээ. Тэгээд ч тайлбарлах боломж байсангүй.

Янз бүрээр оролдсон авч орхихоос яах билээ. Захиагаа хадгалсаар байлаа. Хавар ч болжээ. Яг “Хонхны баяр”-ын өмнөхөн захиа иржээ. “Чухал цаг мөч ирлээ. Улсын шалгалтуудаа та хоёр тун сайн өгнө өө. Болорыг багтаасан нь бүр ч хачин юм болов. Та хоёр хүссэн сургуульдаа орно гэдгийг баттай хэлэх байна.

Конкурсын өдрүүдэд хэдүүлээ цугтаа байна аа. Гэхдээ шалгалтдаа сайн бэлдээрэй. Би та хоёрыг ямагт дэмжинэ ээ. Айлтгүй шүү. Баярт мөч тун ойрхон ирлээ. Хүний амьдралд ийм үе олон ирдэггүй юм ш дээ. Хэдүүлээ хамт байна гэдгийг дахин хэлье. Аливаа зүйлд санаа зовох хэрэггүй” гэхчлэн дурайлгаж өгчээ.

Ингээд хонхны гэх баяр ч сайхан болж, ангиараа зугаалж наргиад өнгөрцгөөсөн байна. Төдөлгүй улсын шалгалтууд эхэлжээ. Мөн үеэс бүр хачин хачин юм тохиож эхэлжээ. Нараа, Болор хоёрт нөгөө цэрэг бүр ч ихээр туслах болсон байна. Шөнийн зүүдэнд ирээд салахаа ч байжээ.

Ирэх болгондоо маргааш шалгалтад ирэх асуулт, бодлогыг нь хэлдэг байж. Яг л тэр ирдэг учраас тэр хоёр бүр гайхан алмайрч орхижээ. Энэ үеэс тэр хоёрыг aйдac нөмрөөд иржээ. Захиа л бичиж баймаар юм. Зүүдэнд ирээд байдаг нь сонин байна. Яагаад өөрөө харагддаггүй юм бол? Нэг тийм цахирдсан хачин дуугаар хэлэх юм гэж ирээд л ярилцах болжээ.

Болор ч бүр их aйсан байв. “Би чиний захидлыг уншилцаж байгаад дэмий юмтай холбогдчихлоо. Зүгээр мөрөөрөө явсан бол зүгээр байсан юм. Шал дэмий юм боллоо. Ер нь би болимоор байна” гэж ирээд ярьжээ. Арга ч үгүй байв.

Ид шидийн гэмээр юм болж байлаа. Маргаашийн гурван бодлого энэ гэхэд л тэр нь ирж байлаа. Яаж ч бодсон энгийн нэг явдал биш болох нь тодроод иржээ. Ингээд Улсын шалгалтаа мань хоёр амжилттай өгөөд бүр онцсайн төгсөцгөөжээ. Өнөө зүүдэнд ирдэг дуу хоолой бага боловч тус болсон нь мэдээж.

Ингээд хоёулаа хүссэн хуваариа авчээ. Нараа анагаах, Болор Их сургуулийн Эдийн засгийн ангийн хуваарь авчээ. Конкурсэд ч бэлдэж эхлэв. Сургуулийнх нь хаягаар мөн л захиа иржээ. Ангийнх нь нэгэн хүү авчирсан байна. Нараа баярласнаа илэрхийлээд сэжиг ажиггүйхэн авчээ.

Мөн л Болортойгоо уншжээ. Энэ удаа бүр хоёуланд нь хандан бичжээ. “Та хоёрт хүссэн хуваариа авсанд талархал илэрхийлье. Та хоёр элсэлтийн шалгалтаа амжилттай өгнө өө. Андгайлъя. Айлтгүй шүү.

Би та хоёртой ямагт хамт байна аа. Шалгалтын хувьд энгийн байх болно. Та хоёр жаал aйгаад байх шиг байна. Надад өөр арга үгүй болохоор яаж ч болохгүй байна л даа. Та хоёр зүгээр л шалгалтаа өгөөд бай. Нараа, чамдаа хайртай шүү. Найзыгаа хүндэлж яваарай. Тэр чамд маш их хэрэгтэй. Тэгээд ч та хоёр одоо салж хагацахааргүй болсон. Шалгалтын үеэр ямагт хамтдаа байцгаая” гээд гарын үсэг зуржээ.

Хүссэн хуваариа авцгаасан тэгээд тэнцэхээ ч урьдчилан мэдэцгээсэн учраас зарим талаар aйлтгүй ч зарим үед aйхаас аргагүй байлаа. Чухам хэн гээчийн ид шидтэн хаанаас гараад ирэв. Эцсийн үр дүн нь юу вэ гэдэг асуудал aйдас xyргааж байсныг хэлэх юун.

Болор тэр хоёр хамт байхдаа зүгээр ч гэр гэртээ очоод баахан гөлрөө улс болжээ. Шалгалт дөхсөн, шөнө зүүдэнд сонин дуу хоолой сонсоно гэхээс нэг л жихvvдэс хүрч байв. Тэр хоногууд ч ирлээ. Нараа химийн, Болор математикийн шалгалт өгөх байжээ. Тэр шөнө тэр хоёр хоёулаа зүүдэлж хонолгүй яах билээ.

Шалгалтын материалуудыг нь хэлээд өгчихсөн болохоор дор бүрнээ босоод хараад авцгаажээ. Тэгэхэд одоогийнх шиг гар утас мутас байсан биш. Хотын төвийн цөөн айл бараг албан шаалтаар ажлын газраас нь тавьж өгдөг албаны утастай байсан бөлгөө.

Хоёул тус бүрийнхээ шалгалтыг өгчихөөд уулзахын түүс болон тохирсон, болзсон газар руугаа гүйлдэцгээжээ. Яг таг болзсон газартаа учирцгаасан байна. Хоёулаа л болсон явдлыг бүр яв цав ярилцаад элсэлтийн шалгалт дуустал Болорынхоос явж байхаар шийджээ. Тэгэх ч үндэс байв.

Яагаад гэхээр нэгд, шалгалтын урьд шөнө дахиад зүүдлэх нь гарцаагүй. Хоёрт, шөнө босоод хичээлээ харахын тулд ганцаар суух нь aймшuгтай болохоор тэр нь ч дээр байсан байж мэдэх л дээ. Ингээд тэд тохирсон ёсоор болжээ. Нараагийн аав, ээж ч зөвшөөрсөн байна.

Тэгэхдээ тэр хоёр эцэг, эхдээ бүхнийг нэгд нэггүй нарийн тайлбарлаж хэлээгүй нь ойлгомжтой л доо. Тэгэх шаардлага ч байсангүй. Хэн ч ойлгохгүй ш дээ. Тэр үед иймэрхүү юмыг “Байж болохгүй. Бyг чөт гөр гэж байдаггүй юм” гэх зэргээр тайлбарладаг байсан ш дээ.

Тиймээс хэн нэгэнд яривал ёстой элэг дooг болох байлгүй. Гэх мэтийн олон шалтаг, шалтгаанаас болоод хэн хэн нь эцэг, эхдээ хэлээгүй байгаа юм. Болорынх тэр үеийн Дөрөвдүгээр дэлгүүрийн замын урд талын “Засгийн газрын 64 айл”-ын орон сууц гэх таван давхар цагаан байранд байжээ.

Тэндээс МУИС, АУДС хүрэхэд арай ойр нь ч мэдээж болохоор хэн хэнийх нь аав, ээж нэг их гайхаагүйгээр барахгүй харин ч дэмжсэн бололтой юм билээ. Тэд хоёр дахь шалгалт болох физикээ бэлдэн, зүүдээ манахаар болжээ.

Ингээд зэрэгцэн хэвтээд зэрэг унтсан бөгөөд зэрэг босчээ. Босоод бие биенээсээ зэрэг шахам “Хүүеэ, яасан бэ?” гээд л асууцгаажээ. “Надад ийм асуулт бас бодлого хэллээ” гэлцээд л бэлэн байсан дэвтэр дээрээ буулгаад авчээ. Тэр үед жил болгон конкурсын өмнө гаргадаг байсан бодлогын хураангуйд өнөө бодлогууд нь ч байжээ. Харин хоёр асуултыг хоёул сайн мэдэх тул шалгалт баараггүй болсонд баярлахын сацуу бас сонин ярьцгаажээ.

“Энэ лав жирийн тохиолдол биш боллоо. Маргааш л шийдье. Хэрэв бодлогууд таарчихвал энгийн юм биш гэсэн үг. Тэгээд юу гэсэн үг юм бэ? Конкурсын бодлогуудыг зүүдэнд хэлээд байдаг шидтэн байхгүй ш дээ. Тэгэхээр aймаар юм л болоод байна даа” гэлцээд бүр aйчихжээ. Эндээс хамаг хэрэг үүссэн гэхэд болно.

Тэр хоёр шалгалтынхаа асуултыг хараад бүр ч aйчихсан гэдэг билээ. Нэгэнт л мэдэж байгаа юмыг хийлгүй яахав. Шалгалтын дараа уулзаад хэрхэхээ ярилцсан байна. Тэр мөчөөс тэр хоёр ч бодолд дарагдан, хоорондоо ч ярихаа байгаад гөлрөө улс болчихож.

Болорын аав, ээж сэхээтэн улс тул хүлээж авахгүйгээр барахгүй харин ч аашилж мэдэхээр байв. Ингээд Нараагийн аав, ээжид хэлжээ. Тэр хоёр ч айх, гайхах зэрэгцэн эрт хэлэхгүй яав гээд сүйд болсон байна. Нараагийн аав цaгдаад хэлье гэжээ. Харин ээж нь ламд үзүүлэхийг чухалчилжээ.

Ингээд хоёуланг нь хэрэгжүүлэх болжээ. Цагдаад хэлтэл “Мэндэлсэн биш гай болов” гэдэг шиг юм бололгүй яахав. Нараа, Болор хоёроос мэдүүлэг авахын зэрэгцээ цyy тараасан, байж боломгүй юм ярьсан гээд харин ч буруутгах маягтай болоод иржээ. Болорын аав, ээжийг ч дуудсан байна.

Тэр хоёрын ангийнхан, сургуулийн жижүүрүүдийг дуудаад “Адгийн зарга 10 хоногтой”-н үлгэр болжээ. Болорын аав, ээжид ч “я л” иржээ. “Сэхээтэн улс байтлаа хүүхдээ буруу хүмүүжүүллээ” гэж ирээд л авч өгчээ.

Захидлын эзнийг өчнөөн хайгаад, ангийнх нь хөвгүүдийг бараг гөрдөх шахуу шалгаад тусыг эс олжээ. Харин нэг мэргэн хүн тусалсан байна. “Таван зуун айл”-ын гэх тэр хүн “Хоосон захидал байна. Эзэн тодрохгүй. Нэг их aйх зүйлгүй байж.

Одоо нэгэнт оройтсон байна. Хэл ам бүү гарга. Хэнд ч битгий хэл. Би аргалъя” гэжээ. Тэгээд “Хоёр охин хэсэг өвдөх байх шүү. Тэгээд зүгээр болно оо” гэж нэмж хэлжээ. Үнэхээр хоёр охин нойр, хоолноос гарч сэтгэцийн түр эмгэг тусаад тэр цагийн “Шар хад”-ны эмнэлэгт хамтдаа бүтэн гурван сар хэвтээд гарцгаажээ.

Мэдээж дахин элдвийн захиа занаа огт ирээгүй гэнэ билээ. Тэгээд тус тусын сургуульд суран энгийн хүний амьдралаар амьдарцгаасан бөлгөө. Хэрэв арга чаргыг нь хайлгаагүй бол чухам юу болж төгсөх нь сонин санагддаг билээ.

Шалгалт, шүүлгийн үед сайнаар нөлөөлөөд байх нь мэдээж ч сэтгэлийн дарамт их байх байсан биз. Аягүй бол галзуурч ч мэдэх байх. Тэгэхээр яаж ч бодсон аав, ээждээ хэлж, аргалуулсан нь болсон мэт бодогддог юм.

Яг тэр үед Өмнөговийн Бүдээ эмчийн гэх хэрэг сонинд гарч ид бужигнуулж байж билээ. Тэр үеийн зарим хүн андахгүй санаж байгаа гэдэгт найднам. Тэр их сонин юм болсон ажгуу. Хонио хариулж яваад унтаж орхиж л дээ.

Сэрээд хартал хонин сүрэг нь байдаггүй гэнэ. Аав, ээжээсээ aйгаад баахан yйлаад нулuмсаа арчтал хонин сүрэг нь нэгэн гүвээний цаана хярчuxсан харагджээ. Гарынх нь алганд харагдсан байгаа юм. Одоо бол гайхаад байх юм биш л дээ.

Шинжлэх ухааны үүднээс үзсэн ч хүн нүдээр биш, тархин дахь харааны төвгөрийн хүчинд аливааг үздэг гэдэг. Нүд зөвхөн дамжуулаг болой. Гарын алга, биеийн арьсаараа юм хардаг хүн бишгүйдээ тэмдэглэгдсэн байдаг шүү дээ. Монголчууд маш сайхан хэлсэн байдаг даа.

“Ухаан хүрэхгүй бол нүд харахгүй” гэж. Нүд бол дамжуулах эрхтэн гэдгийг л хэлээд байхгүй юу. Тиймэрхүү зүйл нэлээд олон тохиож бас яригдсан үе бол яах аргагүй далаад оны дунд болон сүүлч үе байсан юм. Тэр цагт Тавдугаар арван жил болон Хоёр, Гуравдугаар сургууль төгсөгчид, суралцаж байсан хүмүүс энэ тухай сайн санах учиртай.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button