Өгүүллэг

Уучлаарай. Чиний оронд маш х.ү.н.д ө.в.ч.т.э.й хүнийг авч явахаар болсон. Та дараагийн нислэгийг л хүлээх болж дээ гэлээ

Гэрэлтнаран улсын хил хаагдах сургаар сүүлийн сарын цалингаа бодуулж нутгийн зүг яаравчлахаар шийдлээ. Истанбул хот дэлхийн сая сая жуулчдыг өөрийн гайхамшигт эртний өнгө төрх, өвөрмөц байгалаараа татдаг билээ. Үнэхээр ч аялж жуулчилж байхад өнө эртний түүхт үлгэрийн юм шиг Истанбул хүний сонирхлыг өөртөө соронзон мэт татна.

Гэрэлтнаран өнгөн хэлбэрт нь хууртаж энэ хотод ажиллахаар ирээд нэг жил болж байна. Түүний төсөөлж байсанчлан бүх зүйл нь, хотын өнгө төрх, хүмүүсийн харилцаа гайхалтай байсангүй. Түүнийг х.а.р а.ж.и.л.ч.ин мэтээр дээрэнгүй харьцдаг ажил олгогч нарын зан авир түүний хөөрсөн сэтгэлийг унтрааж өгөв.

Жил гаруй ажиллахдаа олон ч ажил сольж нийтийн сууцнаас хөөгдөж туугдан явсаар одоо л нэг цалингаа цагт нь бүрэн бүтэн өгчихдөг дажгүй ажилтай болох нь гэтэл т.а.х.а.л дэлхий даяар тархаж эхэлж буй сураг сонсогджээ.

Эхэндээ ганц Хятад улсад тархсан мэдээтэй байтал ази, европын орнуудаар тарж эхэлжээ. Улсын хил хаагдах битүүхэн сураг сонсогдож саяхан сунгуулсан виз нь ч дуусах дөхөж байсан тул нутгийн зүг яаравчлахгүй бол болохгүй мэт санагдав.

Үйлдвэрийн эзэн түүнд нэг их сайнгүй ч, муу ч хандаад байдаггүй эр байлаа. Тиймдээ ч Гэрэлтнаранд сүүлийн сарын цалинг бэлнээр нь тоо ёсоор хүлээлгэн өгч, гар бариад салав. Нэг нутгийн хүнээс авлагатай байсан тул тэрийгээ нэхэж хүлээсээр долоо хоног алджээ. Гэтэл Истанбул Улаанбаатарын нислэг ойрын хугацааны бүх билет дууссаныг олж мэдэв.

Истанбулаас Москва ороод тэндээсээ нутаг руугаа буцах нислэгийн захиалга өгөн төлбөрөө баталгаажуулжээ. Ямартай ч Туркиш Эйрлайнст сууж Москва руу нисэх гэж байхдаа жигтэйхэн сэтгэл амарлиж байв. Онгоцонд суухын өмнө эхнэр рүүгээ интернэтээр дуудлага хийв.

-Байна уу, хайр нь байна аа.

-За яасан наашаа ирэх нислэгийн билет олдчихов уу, ашгүй?

-Москвагаар дамжиж очино. Тэгэхээр нөгөөдрөөс оччих байх.

-За ашгүй дээ. Хайр нь онгоц газардах мөчид хүүтэйгээ хүлээгээд байж байна. Сайхан бууз хийчихсэн байж байх уу?

-Тэг тэг. Энд хавчуургатай талх идсээр байгаад уйдаж ү.х.э.х гэж байна. Ингэж нэг жилийн дараа чам дээрээ очно гэхээс сэтгэл догдолж байна шүү.

-За миний хонгор Москвад газардаад дахиад залгаарай, үнсье.

Дуудлага тасрав. Тэр онгоцондоо сууж байрлалаа эзэлж аваад бөх гэгч нь унтахаар шийджээ. Ойрын үед ч гэлтгүй байнга л ажилтай ядруу байснаас нойроо авч байх нь чухал санагджээ. Үүрээр ниссэн онгоцны мөнгөн далавчин дээр нарны хурц туяа ойж нүүрэнд нь тусахад Гэрэлтнаран гүн нойрноос сэрлээ.

Түүний хажууд орос зүстэй хүн сууж байна. Нутаг руугаа явж буй бололтой. Арван жилд орос хэл хальт үзсэний хэрэг юу билээ -Здрасте гээд л аваад хаялаа. Орос хүн инээмсэглэн хариу мэндэлж, Гэрэлтнаран ойр зуурын тогоо шанаганы орос хэлээрээ төрөлх нутаг Монгол руугаа Туркээс буцаж буй гэж ойлгуулав.

Орос эр ч үүнийг нь ойлгож, хөрш орнууд гээд байгаа бололтой, нэлээн урт юм ярихад нь Гэрэлтнаран хагас дутуу, ихэнхийг нь ойлгохоо ч байж нойр нь дахин хүрч эхлэв. Байн байн өөдөөс нь том амаа ангайлгаж эвшээлгээд буй түүнийг өнөөх эр ойлгосон бололтой дуугаа хураав.

Энэ удаа Гэрэлтнаран үд дунд хоол тарааж байхад сэржээ. Жилжингээ идсэн дундад ази маягийн талх, мах, шош зэрэг хоолыг зооглочихов. Уух юмандаа ганц п.и.в.о у.у.ч.и.х.а.а.д дахиад л давсанд явж одлоо. Жилийн турш х.ү.н.д х.а.р. б.о.р. ажил хийсээр байгаад гүн ядаргаанд орж одоо л нэг амрах зав олдсон бололтой. Гэхдээ онгоцны хавчиг нарийхан суудал тийм ч таатай биш санагдана.

Москвагийн онгоцны буудал дээр онгоц газардан түг хийх үед Гэрэлтнаран сэрлээ. Замын турш унтсаар иржээ. Зүс таних орос баяртай гэчихээд яваад өглөө. Гэрэлтнаран ямартай ч үүргэвчээ үүрчихсэн хүлээлгийн танхим руу орлоо. Эхнэр хүүдээ авсан турк бараатай ачааны цүнх ямартай ч транзитаар явчих биз. Үүргэвчинд ойр зуурын хэрэглэл, бэлэн мөнгө буй.

Нисэх хуваарь бүхий самбарыг харж зогсоход Москва Улаанбаатарын онгоцны нисэх цаг хойшилсон болж таарав. Wi Fi хайн сэлгүүцэж байгаад нэг жижиг кафе бараадан гэр рүүгээ залгалаа.

-Байна уу хайр нь байна аа.

-Өө миний хайрт Москвад буучихсан уу? Хэзээ нисэх юм? Энд орой болж байна.

-Нислэг хойшилчихжээ. Цаг нь тодорхойгүй байна.

-Өө яанаа, баларсан юм. Түрүүн мэдээгээр улсын хилийг хааж нислэгүүдийг цуцлах шийдвэр гарсан гэсэн шүү дээ.

-Айн? Чи үнэн яриад байна уу?

-Нээрээ, чамайг хэлэнгүүт гэнэт саналаа. Одоо нисч байгаа нислэгүүдийг солонгосоор дайруулж хүмүүсээ авч магадгүй гэсэн шүү.

-Юу вэ? Тэгэхээр би Солонгос руу нисэх ёстой юм уу?

-…

Таг чиг.

-Түүний утасны цэнэг дуусан унтарсан байлаа. Бас залгуур хайж явах ажилтай болох нь. Онгоцны буудлын залгуурууд дээр хар шар янз янзын хүмүүс шамбааралдан утаснуудаа залгаад тухалжээ. Гэрэлтнаран нэг мухар олоод утсаа цэнэглэж эхлэв. Цэнэг жаахан орсон ч Wi-Fi алга байв.

Хүлээх л хэрэгтэй болох нь. Гучин минут арай ядан цэнэглэж дуусаад нөгөө кафе руугаа дахин ойртов. Одоо харин Wi-Fi орохгүй байлаа. Ачаалал нь хэтэрсэн бололтой. Юу ч гэсэн билетний касс дээр очин орос хүүхэнтэй англи, орос хольж хутган ярьж өгөв. Орос хүүхэн заримдаа мөрөө хавчин, юу ч юм бувтнана. Ойлголцсонгүй ээ.

Онгоцны буудал дээрх хүмүүсийн урсгал дунд төөрч явахдаа нэг л танил дотно монгол үгс сонсогдов. Түүний урд явж байсан албаны хувцастай эр -Аан тийм үү, тэгэхээр Солонгосоос нөгөөдөр тусгай нислэгтэй хэрэг үү, за ойлголоо гээд гүйх шахам цаашаа холдов.

Гэрэлтнаран хойноос нь харайлган -Хөөе, зогсож бай гэж бархирч байж гүйцэж авав.

-Сайн байна уу, Монгол руу явах гэж байна уу?

Албаны хувцастай, ихэмсэг царайт эр хөлөөс толгой хүртэл нь харснаа,

-Тийм ээ гэв.

-Хил хаагдчихсан юм уу?

-Бүх улс руу хаагдсан байна. Чи хаанаас явж байгаа юм?

-Туркэд жил ажиллачихаад буцаж яваа юм аа.

-Х.а.р.а.а.р а.ж.и.л.л.а.а юу?

-Үгүй ээ, визтэй байсан. Гэхдээ удахгүй дуусах гээд буцаж яваа юм.

-Тэгэхээр нөгөөдөр Солонгосоос тусгай үүргийн нислэгтэй гэнэ. Чи билетээ Солонгосоор дамжуулж нисгэхээр өөрчлөөд тэндээс буцчихгүй юу гэлээ.

-За тэгье баярлалаа, хэд гэсэн хаалган дээрээс Солонгос руу буцах гэж байна?

-Гучин тав. Би тэнд байж байх болно.

-Би тэгвэл билетээ солиулчихаад ирье хэмээн Гэрэлтнаран ойрхон Туркиш эйрлайнсын билет касс руу чавхдав. Хөлсөө цутгачихсан гүйж очоод, дахиад л гурван янзын хэлээр хольж хутган байж ойлгуулан, нэмэлт төлбөр төлж Сөүл рүү нисэхээр боллоо. Сөүлийн нислэг шөнө нисэхээр цагтай байв. Тэр хүртэл Гэрэлтнаран өлсөж цанган хэдэн турк тэмдэгтээ рубль болгон хачин үнэтэй ч амт муутай хоол идэв.

Тэр шөнөжингөө Сөүл рүү нислээ. Гэрэлтнаран онгоцонд ядарсандаа унтаж дунд нь өгсөн хоолоо идчихээд үргэлжлүүлэн унтана. Онгоцны дугуй түг хийх чимээнээр сэрлээ.

Сөүл дээр өглөө буугаад хамгийн түрүүнд Миатын төлөөлөгчийг хайн онгоцны буудлыг нэгжив. Ядах юмгүй нутгийнхны бараанаар төлөөлөгчөө ч олж тусгай нислэгт нэрээ бичүүлж орхив.

-Хаанаас явж байна?

-Туркээс Москва ороод тэндээс Сөүл рүү ирээд.

-Шууд Туркээс Улаанбаатар руу нислэгтэй ш д гэж анкет бөглөж байсан хүн духайн харав.

-Харин ойрны хугацааны тасалбарууд дуусчихсан байсан юм аа.

-Эрүүл мэндийн шалтгаан байгаа юу?

-Байхгүй ээ.

-Тэр сумыг дагаж чигээрээ яваад шинжилгээ хийлгэчихээд бичгийг нь авчраарай.

-Төлбөртэй юу?

-Мэдээж төлбөртэй. Хувиасаа гаргана шүү гэчихээд дараагийнх гэв.

Тэр хүнийг бараадан хөгшин залуу, хүүхэдтэй хүүхэдгүй, жирэмсэн эмэгтэй, эрчүүд, мөн өнөөх албаны хувцастай хүн ч сууж байв. Гэрэлтнаран шинжилгээгээ өгөх гэхэд зуун тавин доллар нэхэмжилжээ.

Гэхдээ воноор төлөх ёстой гэнэ. Турк лирээ вон болгон солиулчихаад сөрөг гэсэн хариугаа барин буцан очлоо. Монголын төлөөлөгч болсон гэж байгаа бололтой, цааш суугаад хүлээхийг хүсэв.

Гэрэлтнаран тайвширч гэр рүүгээ интернэтээр залгалаа.

-Хайр нь байна аа.

-Миний хайр хаана явж байна? Би бүр санаа зовоод сууж байлаа.

-Би Сөүлд байна аа. Эндээс тусгай үүргийн онгоцоор маргааш нисэхээр болсон. Сая нэрээ бичүүлчихлээ.

-За ашгүй дээ. Сайн хоол идээд яваарай. Ядарч байна уу?

-Гайгүй дээ., баяртай гээд утсаа таслав. Цэнэг нь явчих гээд нэгмөсөн сайн цэнэглэхээр суув.

Энэ өдрийг Сөүлийн онгоцны буудлын хэдэн татваргүй дэлгүүрүүдийг сонирхон шөнө нь хүлээлгийн сандал дээр унтаж нойр муутай хонов. Үүргэвчинд овоо хэдэн юм байгааг ч хэлэх үү, тайван унтсангүй. Үүр цүүр арай ядан болгоод Улаанбаатар руу нисэх хаалгаа о.т.о.о.д сууж байв.

Нислэг хийгдэхээс цагийн өмнө бүртгэл явагдаж эхлэн нэг нэгээр оруулж эхэллээ. Бусад хүлээж байсан хүмүүс бүгд л орлоо. Албаны хувцастай эр хамгийн түрүүнд шахуу л онгоцондоо суухаар пасспортоо үзүүлээд орчихов. Гэрэлтнарангийн ээлж боллоо. Төлөөлөгч түүн рүү нухацтай харснаа,

-Уучлаарай. Чиний оронд маш х.ү.н.д ө.в.ч.т.э.й хүнийг авч явахаар болсон. Та дараагийн нислэгийг л хүлээх болж дээ гэлээ.

-Яагаад билээ? Би шинжилгээний бичгээ өгсөн. Надаас бусад хүмүүс бүгд л орлоо ш дээ.

-Ойлгоорой доо. Чиний хувьд эрүүл саруул байна. Чамаас хүнд байдалтай хүмүүс байгаа учраас одоохондоо үлдээж байгаа юм шүү. Дараагийн нислэг тэгж байгаад удахгүй зарлагдах болноо гээд нислэгийн бүртгэлийг хааж ажилчид хаалгыг хаав.

Гэрэлтнаран барьц алдан толгой руугаа дан хийтэл ц.о.х.и.у.л.с.а.н юм шиг мэдрэмж аван буудлын хананы цаана байх цэнхэр морины толгойн дүрстэй Миатын онгоц руу харан санаа алдав. Монголын тэнгэр минь тунгалаг хөх өнгөтэй байдаг даа. Хүний тэнгэр ямар байдаг бол гээд дээш харахад саарал бүүдгэр тэнгэр ёлтойж байв.

Ц.Оюунбат

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button