Өгүүллэг

Би Цолмонгийн эхнэр байхаа больсон. Хадам ээжтэйгээ таарахгүй юм гэж үерхдэг охиндоо ярьсан байв

Одцэцэг миний захидлын хариуг өглөө. Түүндээ “Үнэхээр сэтгэлтэй бид хоёрыг ү.х..л.э.э.с өөр юу ч салгахгүй. Гэргий чинь болъё, гэрээ гоё” гэсэн байлаа.

Ингээд л би эхнэртэй болчихов. Хичээл тарахыг тэсэж ядан хүлээлээ. Хонх дуугармагц хамгийн түрүүн гүйж гараад эхнэртэйгээ уулзах санаатай нөгее ангийн үүд хавиар эргэлдэв. Даанч Одцэцэг хоёр охинтой хамт гарч ирээд яах ийхийн зуургүй гүйгээд явчихлаа.

Би урам муутайхан гэртээ иртэл хөдөө явсан жолооч аав минь хүрээд иржээ. Надад өрөм ааруул өгсний хэсэгхэнийг өөрөө идээд бусдыг нь эхнэртээ өгөхөөр цаасанд боож хадгаллаа.

Унтах болоход аав

-Миний хүү аавынхаа өвөрт орох уу? гэж асуулаа. Аавыгаа санасандаа би хөдөө яваад ирэх болгонд нь хамт унтдаг байлаа. Гэвч эхнэртэй болсноо санаад ичингүйрч

-Өөрийнхөө орон дээр унтана гэвэл

-Миний хүү том болжээ гэж аав духан дээр үнсэв.

Хоёр хоногийн дараа л би амдаж байгаад эхнэртэйгээ уулзав.

Хоёулаа юу ярихаа мэдэхгүй хэсэг дуугүй явсны эцэст

-Чи миний авгай болсон биз дээ гэвэл толгой дохив.

-Үүнээс хойш дандаа хамт явж байна шүү гэвэл зөвшөөрлөө.

Намайг ярихад Одцэцэг нэг бол толгой дохиж, нэг бол толгой сэгсэрч явсаар гэрийнх нь гадаа ирлээ. Тэр цүнхээ уудалж кино жүжигчний далбагар зураг гаргаж надад өгөв.

-Үүгээр яах юм бэ?

-Гэрээ гоёх гэж худалдаж авсан юм.

-Бид хоёрт тусдаа гэр байхгүй яах билээ.

-Чи өөрийнхөө өрөөнд аваачаад хадчихгүй юу гээд орц уруугаа орчихлоо.

Нэг бол тэдний анги, эсвэл манай анги түрүүлж тараад бид тааралдахаа байлаа. Арваад хоногийн дараа л нэг юм уулзвал

-Танай ээж чинь /Миний ээж багш/ надад муу тавьчихсан. Тавын Б ангиас тоондоо хамгийн муу нь чи гэж д.о.ро.м.ж.и.л.с.о.н гэж гомдоллоо. Би ээжид Одцэцэгийг өөрийн эхнэр гэж яаж хэлэх билээ дээ. Учраа олохгүй явтал шинэ хэрэг мандав. Тэр ээжийг хичээл зааж байхад миний захидлыг уншиж суужээ.

-Яагаад хичээл дээр юм уншаад байна. Алив наадахийгаа гэхэд нь ураад залгичихсан тул сахилгагүйтлээ гэж самбарын өмнө зогсоосон гэнэ. Энэ тухай нулимс унаган яриад Одцэцэг гүйгээд явчихлаа.

Тэрнээс хойш зугатаагаад уулзахаа байв. Сүүлдээ бид хоёрын эхнэр нөхөр бүүр мартагдлаа.

Нэг удаа ангийнхаа Батболдтой цуг явж байгаад Одцэцэгийг хажуугаар өнгөрөхөөр

-Энэ чинь миний эхнэр байсан юм гэвэл

-Худлаа гээд үнэмшсэнгүй.

Гэвч хэд хоногийн дараа тэр

-Чиний хэлсэн үнэн байна гэж шивнэлээ. Учир нь Одцэцэг

-Би Цолмонгийн эхнэр байхаа больсон. Хадам ээжтэйгээ таарахгүй юм гэж үерхдэг охиндоо ярьсан байв.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button
Мэдээ хуулах хориотой !!!