Өгүүллэг

Шонтгор цагаан бүсгүйтэй хамт авахуулсан зургаа харуулж найз бүсгүйтэй болсон гэрлэхээр шийдсэнээ хэлэх нь тэр

– Чи ямар нарийн юм бэ? – Яаж байна яахав ер нь юм гаргахгүй шинжтэй шүү. – Чи мундаг сайхан өглөгч эхнэр аваарай мэдэв үү? – За тэр мэдээж. Х.а.р.а.а.л хэлдэггүй, хааяа с.о.г.т.о.т.л.о.о у.у.д.а.г.г.ү.й, бас үйлдвэрийн хэрчсэн гурилаар цуйван хийдэггүй эхнэр авна за.

– За за өө ундаагаа кассан дээр мартчихжээ. Миний найз гүйж ороод авчих тэгэх үү. – Өө ядаргаа. – За тэгвэл чамайг аваад суучихна шүү. – Ха ха ха за за аваад ирье. – Төрөө хөөе Төрөө.- Үгүй ээ нэмж захиас авахгүй тэгвэл мөнгөө өг.

– Би тэгвэл эхнэр болох хүүхэнд чинь бид хоёр үнсэлцэж байсан гэж хэлнэ дээ. – Ха хаха чи мартдаггүй юмуу? Таалагдаж дээ янз нь. Төрөө хэмээх жижиг давхраатай нүдээрээ ёжтой инээсэн залуу бол миний ганц сайн найз.

Бид хоёр таван жилийн өмнө өвлийн жавар тачигнасан арван хоёрдугаар сарын нэгэн орой танилцсан юм. Байгууллагын шинэ жилийн дундуур оргож найзууд дээрээ очихоор хувцсаа өмсөж амжаагүй би такси хүлээж тэвчихгүй даарахдаа замын түгжрэл дунд гацчихсан машинд шууд ороод суучихсан чинь

-Хүүе би такси биш шүү. – Ганц удаа такси болоод хувирчих даараад байна. – Чиний даарах надад ямар хамаатай юм. – Мөнгийг нь өгнө, такси олдохгүй байна, хүргээд өгчих гээд л замын турш муудалцсан мөртлөө намайг хүргэж өгсөн юм.

Хэд хоногийн дараа гэрийн хажуугийн дэлгүүр ороод кассан дээр нь очерлож зогстол

– Хөөе хувиргагчаа гутлын чинь түрийнээс оймс чинь уналаа гэдэг байгаа.

Нүүр хийх газаргүй болтлоо ичээд бойтгон гутлаа амарчилж өмсөхдөө доороосоо нухаад байсан нимгэн оймсоо гаргачих минь яавдаа л гэж бодож зогслоо.

Төрөө манай хажуу байранд амьдардаг болж таарсан. Тэгээд л өглөө ажил уруугаа нүд аниатай шахам гарч явахад хөөе хувиргагчаа гэсээр таарна.

Эхэндээ ямар зэвүүн залуу вэ гэж боддог байсан я салшгүй сайхан найзууд болсондоо.

Намайг яагаад ч юм би тэгвэл чамтай сууна гэхээр Төрөө царайгаа их төв болгож ирээд л- чи бид хоёр эр эм болж нэг гэрт амьдархад тохирохгүй ээ гэдэг байлаа.

Гэхдээ би түүнийг нэг л өдөр надад хайртай гэж хэлнэ гэрлэх санал тавина гэж итгэдэг байлаа.

Байгаль дэлхий хийгээд хүний сэтгэлд хүртэл нэг хөхүүн жаргалтай мэдрэмж төрүүлдэг хавар айлчилсан нэг өдөр Төрөө маань зүүн хязгаарт ажиллахаар томилогдсон тухайгаа хэлж долоо хоногийн дараа би түүнийг гаргаж өглөө. Ёжтой сахилгагүй инээмсэглэлээрээ инээгээд :

За явлаа шдээ анд минь тэгээд томоотой байгаарай у.у.г.а.а.д ш.а.р.т.в.а.л бантан хийж нурууг чинь дарах муу найз чинь байхгүй гэдгийг санаарай гээд за алив гэснээ хүзүүний алчуураас минь татаж хацар дээр үнсээд эргэлээ.

Зүүн хязгаарын хил дээр томилогдсон тэр маань байнга л утсаар ярина.

Би тэрнийг маш их үгүйлж байгаагаа мэдэрч ганцаардаж байлаа.

Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч нэг жилийг ардаа үдлээ. Төрөө эргэж ирэх болсноо дуулгаж бас надад хэлэх юм байгаагаа хэлэхэд нь би өдий болтол хүлээсэн хүсэл маань биелэх нь надад хайртайгаа хэлэх нь гэдэгт бүрэн итгэлтэй байлаа. Бараг яаж хүлээж авах хариуд нь юу гэж хэлэхээ бэлдэж эхэллээ.

Арай гэж хүлээсэн өдөр ирлээ. Тохилог сайхан орчинтой хүн цөөтэй кафед суугаад ажил төрөл зүүн хязгаарын сонинг хөөрөлдөж хэсэг суулаа.

Өө нээрээ би чамд хэлэх гээд арай гэж зориг орлоо гэснээ өөрийнх мөрийг нь их л өөриймсөг түшин зогссон шонтгор цагаан бүсгүйтэй хамт авахуулсан зургаа харуулж найз бүсгүйтэй болсон гэрлэхээр шийдсэнээ хэлэх нь тэр.

Ингэнэ чинээ санаагүй би сандрах гомдох ичих зэрэгцэн

-Сайхан бүсгүй байна баяр хүргэе гэж арай гэж хэллээ.

Урд байсан хундага улаан дарс нулимсанд минь бүрэлзэн Төрөөгийн хөхүүн яриа холдож ойртон сонсогдлоо.

Тэр намраа Төрөө хамгийн итгэлтэй хамгийн сайн найзаа хуримандаа урьсан тухай уран яруу үгтэй ганган дугтуйтай урилга өглөө.

Өнөөдөр би түүний хуриманд очихоор бэлдэж зогсоно. Дарсан улаан даавуугаар урлаж зүүн мөрийг нь урагш хойш нь давуулан цээнэ цэцгийн хатгамалаар чимж Монгол дээлний зах оруулсан биед маань гайхалтай сайхан зохисон даашинзаа өмсөж гутлын тавиур дээр эзнийхээ ганцаардлыг хуваалцах мэт торойх дэгжин туфлээ дүрж толинд харангаа у.й.л.ч.и..х.г.ү.й л юмсан хэмээн өөртөө захиж байв.

Машин асч хөдөлгүүрийн чимээ жигдрэхүйд

Нуур л болгож үлдээхгүйгээс хойш

Нулимсаа юундаа гаргалаа даа

Нуруу биеэр чинь тэврэхгүйгээс хойш

Нууцхан юундаа дасавдаа хэмээн эгшиглэлээ.

– Ийм сайхан залуу бүсгүй байж ямар билиггүй дуу сонсдог юм бэ? Энэ шүлгийг зохиолч нэг сайхан үедээ бичээгүй юм гэдэг. Битгий сонсож бай гэж хамт ажилладаг эгч хэлсэн ч би энэ дууг сонсох дуртай.

Хөл ихтэй нижгэр хурим болж байна. Албан ёсны ёслол өндөрлөж хосууд хүмүүстэй мэндчилж ерөөлийн үг сонссоор явна. Төрөө намайг олж харангуутаа сүйт бүсгүйнхээ чихэнд шивнээд намайг чиглэн ирлээ.

-Би хүчлэн инээмсэглэж ерөөлийн үг арай гэж эвлүүлэн хэлж Төрөөтэй гар бариад эхнэртэй нь хацраа шүргүүлэн хий үнсэж ёсорхлоо.

Хэдийгээр Төрөө

-Миний хамгийн сайн найз муухан эр хүнээс илүү хүндээ хэмээн эхнэртэйгээ танилцуулах ч харцанд нь өмнө нь гэрэлтэж байдаг байсан итгэл, хүндлэл томоогүйтэл ор мөргүй болж зөвхөн болгоомжлол л тодорч байлаа.

-Миний хайрын найз бол миний ч гэсэн найз хэмээн инээмсэглэн хэлэх ч Төрөөгийн баруун суганд эрх муур шиг хярсан бүсгүй энэ одоо эзэнтэй хэмээн чимээгүйгээр зарлан тунхаглаж байлаа.

Бидний нөхөрлөлд төгсгөл ирснийг ойлгоод би хуримыг орхин гарлаа.

Намрын намуухан дулаахан орой боловч нэгэнт хагдран одох цэцэгсийг аргадан илбэх мэт сэр сэрхэн салхитай аж.

Яг ийм намрын орой би аажмаар надаас алсран алсрах залуу насаа хугацаатайг мэдэрч улам бүр ганцаарддагсан.

Мод хэдийгээр түмэн салаа мөчиртэй мянга мянган навчистай ч мөчир дээр нь наадан жиргэх шувуудтай хамт илүү үзэсгэлэнтэй харагддаг шиг хүн хэдийгээр эргэн тойронд нь төрүүлж өсгөсөн ижий аав, зулай гишгэсэн ах , эгч дүүс байлаа ч ганцаарддаг бас өөр хэн нэгнийг үгүйлэх нь хачирхалтай.

Ундааны дээж а.р.х.и.й.г болвол

Ууна гэж юундаа хэллээ дээ

Учрал ерөөлгүй чамдаа болвол

Сууна гэж юундаа амаллаа даа. Нээрээ л энэ шүлгийг нэгэн үеийн билиг танхай найрагч цаг үеэсээ түрүүлэн төрсөн хөөрхий хүмүүн зүйргүй их ганцаардал дунд , алдран одох итгэлийнхээ араас бичжээ.

Ерөөс хүн сэтгэл тэнүүн сайхан үедээ үзэг цаас нийлүүлж найраг тэрлэдэг гэж үү.

Орчлон хатуу оноо даваатай хэмээн сануулах шиг дун цагаан өвөл айлчлан жавар тачигнаж эхэллээ. Өнгөрсөн хугацаанд Төрөө өдөр бүр утсаар ярих нь цөөрч уулзахаа бараг больсон ч хааяа утсаа улайстал ойр зуурыг хүүрнэдэг байлаа.

Дэлхий дэлэгнэж урин цаг айлчлахын анхны дохио Монголын цагаан сар дөхсөн нэгэн өдөр би хөдөө гэр лүүгээ жаал жуул юм базаагаад дайж явуулах машины жолоочоор туслуулан машинаасаа буулгаж байтал

Нөгөө жолооч залуу

– Ийм сайхан бүсгүй байж яахаараа ийм гуниг ганцаардлын дуу сонсдог юм бэ гэхэд нь:

– Тэгвэл чи сайхан бүсгүй ямар дуу сонсох ёстойг их сайн мэддэг байх нь тиймээ. Олон сайхан бүсгүйд сонсох ёстой дууг нь дуулж өгч байсан биз хэмээн хэдэрлээд хэдийг төлөх вэ гэж уцаарлалаа.

– Хүний тавилан заяа сонсдог дуу боддог бодлоо дагадаг юм гэнэлээ. Ялангуяа эмэгтэй хүнийх гэж хууччуул ярьдаг юм тэгээд л хэлчихлээ. Би ч шал солгой хүн л дээ. Мөнгө хэрэггүй ээ би орон нутгийн такси биш чамайг унаа хайгаад байхаар хаашдаа танай нутаг руу явах юм чинь тус больё гэж бодоод гэлээ.

Шал дэмий юманд хэдэр зан гаргасандаа санаа зовж талархлаа илэрхийлээд хайрцган дээр тосох хүний дугаар байгааг сануулаад явлаа.

Тэр өдрөөс хойш шувуу хоёронтоо буцаж цэцэгс хоёронтоо дэлгэрчээ.

Нөгөө солгой хоолойтой залуу гал тогоонд маань

Хайртай шүү сайхан чамдаа

Хоёул хамтдаа жарганадаа хө хэмээн арай л өөр аяар аялангаа гэрээр нэг хиншүү тарин хуушуур хайрч байна.

Би гэдсэндээ түүртэн дүүдээ явуулах ойр зуур юм төхөөрөнгөө Төрөөгийн хуриманд зориулан хийлгэсэн дарсан улаан даашинзаа хамт хийлээ. Өлгүүрт минь хэдэн оныг улирааж харах бүрийд үл ойлгогдох гуниг төрүүлдэг байсан тэр даашинз одоо надад магадгүй хоёр жилийн дараа л багтах байх.

Хүний хорвоо үл ойлгогдох учирал ерөөлөөр дүүрэн бөгөөд заримдаа хариулт таавар нь үл олдох аж.

Төрөөг хуримлахад яагаад тэгж их харамссанаа хайртай байсан эсэхээ тэгсэн мөртлөө одоо ярихаараа эхнэртэйгээ таарамжгүй байгаа болон бусад хүнд хэцүү байгаа асуудлаа ярихад нь би түүнийг эр хүн байж иймхэн юманд хөл алдаад гэж голон яаж тэрэнтэй суучихаагүй юм гэж боддогоо хүртэл ойлгодоггүй юм.

Нүгэл үргээм сайхан харцнаас чинь

Нүүрийн буянтайг олж мэдэрлээ

Нүнжиг буянтай айлын гэргий гэж …. арай өөр аяар эхэлснээ хайраа хоолоо идээрэй хэмээх дуу бодлыг минь тасаллаа.

Зүгээр л хүний тавилан ухаарал нэмэх эсвэл дурсамж үлдээх гэж зарим нэг учирлаар огтлолцдог байхад зарим нэг нь нартын жаргалыг хамтдаа амсаж насны нарыг хамт жаргаах гэж тааралддаг байх.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button
Мэдээ хуулах хориотой !!!