Өгүүллэг

Аав минь яагаад хоёр хацрыг минь үнсээд явуулсан учрыг би ихээ хожуу ойлгож билээ

Өглөө нойрноос сэрж ядан байтал долоон настай охин маань хацар дээр шовхийтэл үнссэнээ Today Father’s day гэж байна. Тэгээд би танд бэлэг бэлдсэн, та одоо авах уу, орой авах уу гэнэ ээ. Энэ ертөмций дээр аав болсоны маань нэгэн баяр жаргал гэвэл чухам энэ мөн дөө.

Хэзээ нэгэн цагт аав маань мөн л үрс биднээрээ бахархан, энэхүү аав болсоны нэн гаргуун баяр жаргалыг мэдэрч л байсан байх даа гээд, өөрийн эрхгүй аавыгаа бодоод явчихлаа. Тэгээд аавыгаа бага зэрэг дурсав.

Хаа ч явсан муу аавын минь төрх байнга л харагдах юм даа. Намайг Америкт ирээд удаагүй, 3 сарын дараа аав маань ө.н.г.ө.р.с.ө.н юм. Хоёрхон хоногийн өмнө утсаар ярихад “Аав нь сайн байна, Миний хүү зорьсондоо хүрчихээд л ирдэг юм шүү. Аав нь нутаг явлаа. Нутагт их сайхан зун болж байна гэнэ ээ.

Өргөн Зурааныхаа цэцэгс дотор тонгочино доо, аав нь. Маргаашийн онгоцоор ниснэ” гэж их цовоо цолгиун ярьж байж билээ. Энэ тонгочиж гэдэг үгийг нь сонсоод би аавыгаа ш.о.о.л.о.н ихэд инээсэн юм. Учир нь аавын маань хоёр хөл их муу, таягтай чүү ай явдаг хүн, тэр цэцгэс дотор хэрхэн тонгочиж байгааг нь төсөөлөхөөр өөрийн эрхгүй нэгэн хөгжилтэй зураг харагдаад байж билээ.

Аав маань харин сэтгэлээрээ бол үнэхээр тэр нутаг нугынхаа цэцгэс дотор тонгочиж чадна шүү. Улаанбаатарт байх үедээ бол нутгаа байнга ярьдагсан. Нас нь их ч явж, 80 гараад ирэхээрээ ердөө ярьдаг юм нь нутаг л болчихсон байсан. Уул усаа ярина. Хадагтын хөтлөөр хаврын хаварт зүтгэсээр гараад ирэх ч ай даа мөн ч сайхан шүү, ертөмций тэр аяараа халамцуу болчихсон байдагсан гэж ирээд л ярина.

Нутгийнханаа, өөрийн үеийн өнгөрч одсон хөгшидөө их дурсана аа. Манай нутагт Бүдүүн Сэд гэж нээх их гижигтэй хүн байх. Хаалгыг нь гаднаас нь дарж байгаад л гэрийнх нь гаднаас Гижиг, Гижиг гэхтэй зэрэг л гэр доторх хамаг юм аа тараагаад х.а.г.а.л.ж х.э.м.х.э.ч.э.эд у.н.а.д.а.г.с.а.н, тийм л их гижигтэй хүнсэн, хөөрхий гэж ирээд л ярина.

Тээр, шар тахиа жилийн хавар, тарлан цастай байхад Их Дөрөлжөөр муу Давхар жолоотоо у.н.а.ч.и.х.с.а.н дэргүүлээд гараад ирлээ дээ, тэгтэл… гэж ирээд л үлгэр домог шиг юм хөврүүлчихнэ. Сонсоод л баймаар…

Бага залуу байхад аавынхаа ярихыг сонирхож шохоорхоод л, өвөр дээр нь суучихаад улам лавшруулан тэгээд тэгээд хэмээн байн байн шалж, шавдуулж, уцаарыг нь хөдөлгөн байж удтал яриулдагсан.

Харин сүүлдээ надад түүнээс илүү сонирхох зүйл бишгүй болсон мэт санагдаж, аавыгаа “Тэгээд” гэж шавдуулахаа болчихсон. Улам улмаар улам л холдоод, тэр тусам аав маань харин ч өөрөө ярьдаг болоод ирсэн. Сүүлдээ яриаг нь огт сонсохгүй байсан ч хамаагүй ярьж л байдаг, өглөө оройд гэрт нь орохоор өнөөх нь нутгаа, нутгийнхаа ярьж суудагсан.

Тийн ярьж суухад нь санаа бодол нь аль хэдийнэ тэр Алтайн уулсын аглагт, тэртээх он жилүүддээ оччихсон мэт, өтөл болсон нүдэнд нь үе үе ямар нэгэн очис гялс гялс хийх шиг болдог байж билээ.

Би чинь энэ уулсынхаа бэлийнх нь цэцгэс бүхнээс нь үлгэр сонсож өссөн юм шүү дээ. Чулуу болгон нь аавыг нь таньдаг юм гэж ярьдагсан. Намайг багад дагуулаад хөдөөгүүр их явна аа. Гэнэтхэн уулсын хэц жимийн хажуугийн чулуун дээр очиж тонгойгоод ямар нэгэн юм шивнээд суучихдагсан. Тэгснээ учиргүй инээгээд л…

Яасийм гэхээр, Өө аав нь энүүнээс/нөгөөх чулуугаа зааж/ Чи нөгөө муу Банзайг санаж байна уу, гэсэн чинь саналгүй яах юм гэж байна шүү, Их золиг шүү гэнэ. Бодвол тэр Банзайтайгаа тэр хавьд л нэг бужигнуулж явсан юм шиг байгаа юм.

Тэгээд аав ярьж байснаараа маргааш нутгаа ниссэн байсан. Харин нутагтаа очоод л хоёр хоноод ө.н.г.ө.р.ч.и.х.ө.ж…

Хүнд хүчир ажлын дараа байрандаа ирчихээд, хамт амьдарч байсан байрныхантайгаа хоол унд гэсэн шиг суутал монголоос дуудлага орж ирлээ. Том эгч маань ярьж байна. “За миний дүү, аавынх нь бие муухан байна, Ер нь л муухан байна” гэлээ. Эхлээд би нэг л сайн ойлгосонгүй.

Эгч цааш нь хэлж байна, “Улаанбаатараас тэд нарыг дуудуулсан. За миний дүү одоо нааш цаашаа явах гээд яах вэ” гэж байна. Би юу болоод байгааг маш сайн ойлгов. Миний царайны байдал төрхөөс манай өрөөнийхөн ямар нэгнийг гадарласан бололтой, хормын өмнө ширээ тойрон хөгжилдөж байсан нь алга болчихоод бүгд сэтгэл нь зовсон шинжтэй болчихов.

Би тэгэхэд сэтгэлээ яаж тэгэж их барьж чадсанаа одоо ч гайхдаг юм. Юу ч болоогүй мэт, нөгөөдүүл лүүгээ харж, бүр инээмсэглээд, “Аавын бие жаахан муухан байна гэнэ ээ, гэхдээ гайгүй байх өө” гэчихээд хийж байснаа, ярьж байснаа үргэлжлүүлж билээ.

Гэхдээ хоол идэж суусан ч, юм ярьж байсан ч дотор аавын маань дүр харагдаад, цээж гашуу оргиод, ухаан санаа огт өөр газарт байх шиг… Учиргүй гараад гүйчихмээр ч шиг. Гэвч тэр оройг яаж ийгээд тайван өнгөрөөж, нөхдүүд маань амар тайван унтсан хойно сэмхэн гарч байрны арын модод дотор орж сууж байгаад оройжингоо бөглөрсөнөө харин ч нэг сайн юүлж авсансан.

Үүрээр Монгол руу залгалаа. Эгч утас авч байна. Том эгч маань надаас 25 эгч, хатуу хөтүүг үзсээр Алтайн хөх чулуу шигээ хатуужиж, сэтгэл бодол чангатай болсон хэцүү талын хүн. Хар багаас ээжийг маань орлосон хүн.

“Одоо миний дүү уйлж унжаад хэрэггүй ээ, Аавынхаа голомтыг залгаж үлдэж байгаа эр хүн шүү дээ чи. Наанаа лам хар хүн байвал ном буян хийлгэхийг бод. Бид нар энд хойтынх нь ажлыг хэрхэх тухайгаа л ярилцацгааж байна” гэж билээ.

Хожим эргээд санахад нь аавын маань надтай ярьсан сүүлчийн яриан дахь нутаг явлаа гэдэг үг нь цаанаа л нэг өөр үг байж. Нэг л өөр өнгө тоонотой хэлсэн байж. Үнэхээр ч аав маань Улаанбаатараас нутаг руу явахдаа хамаг эд юм, ном судраа аа хуваагаад, үр ач нартаа нэр зааж тараасан байгаа юм. Манай гэрт зуухаа оруулж тавьсан төдийгүй хоёр цоохор авдараа үлдээжээ. Бас хаана ч явсан биенээсээ салгадаггүй нэг хоёр шогол ном, бурхан шүтээнээ…

Нутгаа явах гэж их ч агдсан гэдэг. Яг тэр үед онгоцны нь билет хойшлогдож, хоёр хонох төдий учиргүй харамсаад л… Урьд өмнө ингэж байгаагүй хүнийг нислэг хоёр хоног төдий хойшлоход тэгэж их харамсаад байхаар нь манайхан хөөрхий зөнөж байгаам болов уу гэж бодоцгоосон гэдэг. Гэтэл яг тэр хойтын орондоо буцах цаг нь тулчихаад, үлдсэн хэдхэн хоногоо нутагтаа үдэх гэсэндээ тийн их агдсан байсансан.

Аавтайгаа хамгийн сүүлд салах ёс хийсэн маань сэтгэлд ямар тод үлдэж вэ. Нааш нисдэгийн урьд орой манай ахан дүүс нийлж, аавынд цуглаад жаахан сууцгаалаа. Тэгээд тарцгааж, аав маань ч сэтгэл нь хөдлөөд хатуу идээнээсээ жаахан балгаж, сэтгэл нь амарсан шинжтэй унтаад өгсөн.

Аав маань бор идээтэй насан турш их ч дотно нөхөрлөсөн хүн. Сүүлийн үед түүнээ даах нь багадаж, нэг хоёр хундагаас хэтэрдэггүй болчихсон байсан юм. Харин өглөө эртээ онгоцны буудал явахаар гарах замдаа гэрээр нь ороход аав маань орноосоо дөнгөж босчихсон, цээжин дээгүүрээ цамцаа хагас хугасхан тохсон болоод, өнөөх таягаа ч мартчихсан бололтой, галаа түлэх гээд хазганан зогссонсон.

Сүүлийн хэдэн жилийн турш манай ахан дүүс аавыг аль нэгнийдээ байлгах гэж ятгаад ядчихсан юм. Яалаа гэж тийм юм байхав, аавынх нь гэж нэг айл байх учиртай. Тэгээд ч аав нь хүний гарт орчихоогүй байна гээд огт халгаагаагүй юм. Нээрээ ч хэн нэгнээр нь асруулалгүй байсаар байгаад л насыг үдсэн дээ. Хувцас хунараа заавал өөрөө угаана, хөгшин хүнээс хир ханхлах муухай гэчихсэн л угааж суудагсан.

Тэгээд, за, юутай ч гал асаатхаг гэж түр хүлээлгээд, гал шүжигнэн асахад хоёр хацрыг минь зөөлөн дулаахан алгаараа шахаж ирээд хоёуланг нь үнэрлэж билээ. Нислэгийг цаг тулчихсан, яарсан хүн бушуухан гарахад ард “Миний хүү, ингээд л явчихаж байгаам уу” гэсэн дуу сонсогдсоор үлдсэн сэн.

Өмнө нь намайг ийш тийшээ хол юманд явахад заавал нэг хацрыг маань үнсдэг, нөгөөг нь эргээд ирэхэд чинь гээд үлдээдэг байсан хүн тэгэхэд яагаад хоёуланг нь үнссэний учрыг би ихээ хожуу ойлгож билээ.

Аавыг өнгөрсөний дараагаар “Миний хүү, ингээд л явчихаж байгаам уу” гэсээр бор гэртээ сүүтийсээр үлдсэн дүр нь хэсэгтээ надад харагдаж, ажил хийгээд зосгож байхад ч өмнөх ханан дээр дурайж ирээд, кино, ТВ үзэж суухад л тэр дотор харагдаад, тэгээд тэсэлгүй ОО-руу гүйчихдэг, эсвэл гараад, модод дотор орж байгаад нэг эрх чөлөөтэй нэрж гардаг байж билээ. Одоо эрх биш хэдэн жил өнгөрч, гэсэн ч бас хааяа харагдах л юм.

Би бүүр бага 3-4 настай л байсан болов уу, нэгэн тийм дурсамж маш тод үлджээ. Аавыг эзгүй нэг орой яагаад ч юм би учиргүй их а.й.г.а.а.д, орон дээрээ бүтээлгээрээ таг бүтээж аваад л амьсгалж ч чадахгүй хэвтээд байж билээ.

Манайхан, ах эгч нар маань гадаа хонь, мал, хурга ишиг гэж гүйлдэцгээгээд, тэгээд орж ирээд, унтацгаасан. Тэд намайг аль хэдийнэ унтачихсан гэж бодоцгоосон байх. Би ч бүтээлгэн дотроо түнтийчихээд л чимээ чагнаад байх.

Хааяа хотны захад хонь хивэх, үхэр яраглахын хажуугаар хаа нэгтээгээс нэгэн муухай дуутай хүний хүүе хүүе гэж намайг дуудах нь, тоонон дээгүүр нэг юм сүрчигнэн эргэлдэх нь сонсогдсоор хичнээн ч удсан юм бэ, бүү мэд, гэтэл хаа нэгтээгээс аавын маань дуулах дууны шуранхай сонсогдоод, улам тодорсоор, тодорсоор…

Мэнгэт багахан хээрээрээ

Мэтгүүлэн зүтгүүлсээр л ирлээ дээ, хүүдээ

Гэн дуулсаар гэрийн гадаа ханхийн дөрөө мултархад нь аль хэдийнээ тайвширчихсан би нойронд аргагүй автан унтаад өгч билээ. Энэ дууны үг ая нь юутай зохицсоныг хожим анзаарч, энэ дуунд хүн ямар их сэтгэлээ шингээж чадсаныг мэдэрсэнсэн.

Нээрээ л ихээ их хол газраас хайртай хүүдээ хичнээн их зорьж, зүтгэж, тэмүүлсээр л ирж буй сэтгэлийг энэ хэдхэн үгээр яасан ч гүн гүнзгий, барим тавим илэрхийлээ вэ… Энэ дууг өнөө аялах бүрдээ шаавай багахан хээр морио шавдуулан шавдуулан хүүдээ тэмүүлж яваа аавын маань дүр өөрөө л ургаад ирдэг юм.

Одоо ч гэсэн, заримдаа аав маань үнэхээр л

Мэнгэт багахан хээрээрээ

Мэтгүүлэн зүтгүүлсээр л ирлээ дээ, хүүдээ

Гэж дуулсаар нэг л өдөр хүрээд ирдэггүй юм байх даа гэж бодогдох л юм.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button