Өгүүллэг

Aжлын мaл болсон, олон хүүхэд цувуулсан тэнэг хүүхэн л гэж боддог байсан нь буруу болж ямар мундаг эмэгтэй вэ гэдгийг ухаарсан даа

Би СЭЗДС, нөхөр маань ШУТИС-н 2-р курст дөнгөж элсэн орсон үе. Хичээл эхлээд гуравхан сар болж байхад бид бяцхан ”сахиусан тэнгэр”-ээ өлгийдөн авлаа. Уул нь өвлийн амралтаар төрөх юм байна, хичээлээ завсардуулахгүй зохицуулна гэж бодож байтал 20-иод хоногийн өмнө охин минь мэндэлж, юун шалгалт шүүлгэнд бэлдэх шууд л жилийн чөлөө авав.

“Алив, ахын дүү нь хаана байгаан, өөв, наашийн”. “Дахиад л ахын дүү гэчихлээшдээ чи” гээд охиноо чадлаараа эрхлүүлж буй нөхрийнхөө мөрийг тохойгоороо зөөлөн нудраад авлаа. “Харин тиймээ, нэг л өдөр аав нь гээд сурчихна даа, чи өчигдөр “эгч нь” гэж хэлчихээд хэлээ гаргаж байхыг чинь би бас харсан шүү” гээд тэвэрч аван хамар дээр минь үнсэв.

Миний охины 2 насны төрсөн өдөр. Нөхөр маань гаднаас нүүр нь бага зэрэг улайж байдгаараа амьсгаадчихсан орж ирээд “аав нь охиндоо том бэлэгтэй, хайраа би 7 хоногийн дараа нислээ, виз гарсан байна, хугацаандаа явахгүй бол хүчингүй болчихдог гэнэ ээ”. Ингээд аав нь Германд нисэхийн сургуульд явж, ээж охин хоёрын амьдрал эхэллээ. Тэр үед аав нь охиндоо үүнээс ч том бэлэг үлдээгээд явсаныг бид яахин мэдэхэв.

Аавыгаа онгоцны буудлаас үдэж мордуулсанаас яг 7 сарын дараа охин маань 2 хөөрхөн хүү дүүтэй болов. Яг энэ өдрөөс л амьдрал гэгч айхтар зүйлтэй “нүүр тулсан” даа. Сургууль соёлоо ч хаяв. Юун нөгөө миний бодож байсан сайхан амьдрал, хүсэл мөрөөдөл. 3 жаахан хүүхэдтэй, 45 кг эцэнхий туранхай, унаад байхаар нь үсээ хусуулчихсан, яг юу хийгээд яаж амьдраад байгаагаа ч ойлгох ухаан сөгөөгүй, эр эм нь ч мэдэгдэхгүй, нөхөр сүүдэргүй, сүнс сүг шиг л амьтан болов.

Бид хоёр ганцхан зүйл дээр 100% санаа нийлдэг байсан нь “энэ бидний л амьдрал, тиймээс хэн нэгэн нь бидний өмнөөс я.л ү..ү.р.эх ёсгүй, бас хэн нэгэнд бид төвөг дараа учруулахгүй”. Энэ зарчмаа алдахгүйн тулд би хадмындаа ч, аавындаа ч хүүхдүүдээ чирээд очоогүй, харин хөдөөнөөс 8-р ангийн дүүгээ хожим их сургуульд оруулж төлбөрийг нь төлөх нөхцөлтэйгөөр авчирч бүтэн 1 жил туслуулсан.

Одоо бодоход эдгээр жилүүд “хар дарсан зүүд”мэт санагддаг ч, тэр үедээ бол хэцүү байгаагаа ухаарч ойлгох ухаан сэхээ ч байсангүй, амьдрал угаасаа л ийм байдгийн байхдаа гэж хичээж зүтгэж явсан.

Ихрүүд маань 3 нас хүрэхийн алдад хүүхдүүдээ цэцэрлэгт өгч, лавлах утасны компанид оператороор ажилд орон, их сургуульдаа эчнээгээр хагас сайны ангид сурч эхлэв. Нөхөр маань хүний газар 5 жил сурахдаа нэг ч удаа амралтаараа ирж байгаагүй, тэрний оронд бүтэн цагаар ажиллан олсон зоос бүрээ наашаа явуулж, бид түүгээр нь амь залгуулдаг байсан.

Би ажил хийж байсан ч сургуулийн төлбөр, хоол хүнс, хүүхдүүдийн зардал гээд хоосон хонох ч үе байна. Манай хүүхдүүд одоо ч нэг их амттанд дуртай биш, идэж сурах боломж олгоогүй болохоор тэр биз.

Миат-ын боинг долоон зуун хэд билээ тэр онгоц газардаж, бид аавыгаа хоёулаа биш бүр дөрвүүлээ болоод угтаж авсан юм. Амьдралаа, нуруун дээрх бүх ачаагаа нөхөртөө хүлээлгэн өгч, одоо л нэг бүтэн амьсгал авч, “би” гэдэг хүн жаргах цаг маань ирлээ дээ гэж бодон хөл газар хүрэхгүй л байлаа. Нөхөр ч нэг их удалгүй зам тээврийн компанид менежерээр ажилд оров. “Тавуулаа” амьдрал ч сайхан эхэлж байна шүү.

Нөхрийн оройтох, ажлынхантайгаа шоудах нь ихсэж, гэртээ байх нь багассаар, хань байвч өнөөх л “өрх толгойлсон эмэгтэй” шиг амьдрал маань буцан ирэв. Хэрүүл уруул, уйлаан майлаан, зөрчил тэмцэл тасрахаа болилоо.

Нэг өглөө с.о.г.т.у.у ирээд том өрөөнд түрүүлгээ харан унаад унтаж байгаа нөхрөө татан босготол өмднийх нь урд тал тэр чигээрээ норсон байв. Ямар эр хүн билээ дээ, түүнд урам хугарч, цөхөрч, энэ амьдралаа үнэн сэтгэлээсээ ү.з.эн я.д.а.н, нөхрөө буцаан түлхэж унагаачихаад бүхий л биеэрээ, эс ширхэг бүрээрээ цурхиран уйллаа. “Больё, салъя, би тэсэхгүй нь” гурван хүүхдээ тайвнаар хувцаслаж, жижиг хар дугуйтай чемоданд бичиг баримт бас бус зүйлсээ хийн гэрээсээ явлаа…

Нэг өрөө байр хөлслөн хүүхдүүдтэйгээ газраар унтаж, шөнө нь англи хэл үзэж эхлэв. “Би тэр хүнийг өндөр боловсрол эзэмшүүлэх гэж гурван хүүхдээ я.с м.а.х.а.а.р.аа дэнчин тавин өсгөсөн байхад ингэж авирлаж байдаг, би чамд харуулна, би ч бас гадаад явж сурч чадна, хүүхдүүдээ хэнээс ч дутахгүй мундаг хүмүүс болгож өсгөж чадна” гомдол цээжийг минь у.р.ж, зүрхийг минь б.ал.б.а.н.а, у.й.л.а.х ч нулимсгүй болж дээ. Ойрд байнга дотор муухайраад хоол шингэхгүй юм, ходоодны ш.а.р.х.н.а.а.с болж байгаан болов уу? Ингэхэд… доошоо эмийн сан руу гүйн тест авч үзтэл тодоос тод хоёр улаан зураас.

Амьд явахад ч бэрх боллоо. Өдөр ирэх тусам томрох хэвлий дэх хүүхэд, өглөө оройгүй ажлын үүд сахин уучлал гуйн эргэлдэх миний нөхөр. Хэд хэдэн ч удаа 1-р төрөхийн урд байх хувийн эмнэлэгт хүүхдээ ү.р х.ө.н.д.ү.ү.л.э.х гэж очоод зүрх хүрэхгүй буцав.

Нэг шөнө хань минь б.у.р.х.а.н болж, би ихээр шаналан уйлж байна гэж зүүдлээд сэрэв. Юугаа ч мэдэхгүй 2 жаахан амьтан хайрлан дурлалцаж, өөрсдөө “хүүхэд” байхдаа “хүүхэдтэй” болж бяцхан охиноо гаргаж байсан санагдана. Би чамдаа ямар их хайртай билээ. Гадаадад нэг нь явж, тусдаа удаан байсан хосуудад шоо мэт буцаан угсрагдахын тулд хугацаа хэрэгтэй байдаг гэж сонссон юм байна. Би яг нэг жил хичээгээд үзье, хүүхдээ ч төрүүлье.

Бид хоёр 5 хүүхдийн аав ээж болж, дахиад хоёр хөөрхөн хүүгээр ам бүл нэмлээ. Хүүхдүүд маань гарчихаад байхад эхэс нь унаж ирдэггүй, унтуулалтанд орж “эхэс гардуулалт” хийлгэн нэлээд хүндрэлтэй төрөв.

Гэхдээ хажууд халамжтай ухаалаг хань минь байгаа болохоор айх, санаа зовох зүйл байсангүй, болж л таараа. Ихрүүдээ хүн болгох гэж өдөр шөнөгүй 2-лаа ноцолдсоор өдөр хоног, гариг ертөнцийг мартаад 1 жил 2 сар өнгөрч. Хүүхдүүдийнхээ вакциныг хийлгэнгээ өрхийн эмчийн тушаалаар эмэгтэйчүүдийн э.м.ч.ид үзүүлж, эход харуулав.

Бидэнд ахадсан мэдээ сонслоо “Та 3 сартай ж.и.р.э.м.сэн байна, даруй хяналтандаа орох хэрэгтэй, яахаараа өдий хүртэл мэдээгүй явж байдаг юм бэ”гээд загнуулав. “Төрсөний дараа бараг 1 жил болж байж биений юм маань ирдэг, одоо хүртэл ирээгүй л байна, тийм байх боломжгүй” гэж би үгээ зөөн хэлэх зуур чих шуугин юу ч сонсохоо байв.

Амсхийх ч завгүй хагас жилийг өнгөрөөж, бяцхан ханхүүгээ өлгийдөн авлаа. Саяхан л аман дахь “хайр сэтгэл”-ээсээ өөр юу ч үгүй нийлж байсан хоёр бацаан 1 охин, 5 хүүтэй боллоо. Уралдаан тэмцээнд орж байгаам шиг л баахан хүүхэд төрүүлжээ.

Охин маань нэг өдөр “ингэхэд наадуул чинь таны хүүхдүүд биз дээ, та өөрөө хар, би гарч тогломоор байна” гэж над руу хашгиран уйлж билээ.

Өнөөдөр бага хүүгийн минь сургуулийн анхны өдөр. Энэ хугацаанд юу болсон бэ гэж үү? Тун дажгүй шүү. Сургуулиа ч төгсөж, хэлээ нухсаар байгаад гадаадад ганц хөлөө ч тавьж үзээгүй би монгол дахь Америкийн элчин сайдын яаманд санхүүгийн туслах ажилтнаар ажиллаж байгаа, мэдээж ажил дээрээ байнга англи хэлээр ярьдаг.

Харин нөхөр маань нөгөө тээврийн компанидаа салбар хариуцсан дэд захирлаар ажиллаж байгаа бөгөөд гар нийлсэн хэдэн найз нартайгаа “хүчирхэг монгол” гээд номын клуб байгуулан, үнэгүй номын сан ажиллуулж, хувь хувсгалын ажлаа жигтэйхэн сайн амжуулж байгаа, алтнаас ч үнэтэй хань минь юм шүү.

Германд хамт сурч байсан нэг найз нь эхнэрийнхээ төрсөн өдрийг үнэтэй ресторанд хачин тансаг тэмдэглэж байна. Гэр бүлийн найзууд болсон яг 7 хос байдаг юм. Би тэдэнтэй уулзахаар явахдаа жаахан дургүй. Хөрөнгө чинээндээ ч болдог юмуу, талаас илүү нь их ихэрхүү, эхнэрүүдтэй нь яриа таарахад тун бэрх. Өмсдөг зүүдэг нь ч ондоо. Ганц авах юм нь арга хэмжээтэй, гоёж гоодсон үедээ л уруулаа тод улаанаар будахаас биш бусад үед ямар ч будаггүй хэрнээ эрүүл, чийглэг, гоё арьстай харагдацгаадаг.

Биеэ барьж, үгээ цэгнэж бүлтгэнэсээр суутал бүр ядарч орхиж, бие засах газар ч болохнээ орж, агаар амьсгалж, өөрөөрөө хэдэн минут байчихаад ирье гэж бодоод бослоо. Гараа угаачихаад 00-оос гарах гэж явтал нэг хүний жигтэйхэн гаслах нь сонсогдов. Байрандаа зогсон чих тавин сонстол таг чимээгүй. Хий юм сонсож дээ гээд цааш алхтал тодоос тод хүний гингэнэх чимээ гарав.

Доогуур нь тонгойн шагайсаар хэргийн эзэн, хэнгэргийн дохиурыг бариад авлаа. Төрсөн өдрийн эзэн, найзын минь эхнэр байна. Даашинз дээрээ хослуулан өмссөн шилэн трико нь гуяны ар талдаа цоорч, доошоо хөвөрдөн өсгий хүртлээ урагдсан байв.

Ийм байдалтай буцаж орж хэрхэвч болохгүй, нэр хүндэд нь ч нөлөөлөх юм байх. Би ч чадахаараа тайвшруулж, янзан бүрээр л ятгав, зүгээр хөл нүцгэн орсон ч зүгээр байна гээд сүүлдээ тоглоом шоглоомоор “миний триког” өмсөх юмуу гээд хэлчихэв. Тэгсэн чинь “тэгье, гялс тайлаад өг” гэвээ.

Би ч бүр амаа ангайгаад шоок. Дэлхийн алдартай том зочид буудлын сүлжээг монголд оруулж ирсэн, бараг салбар бүрт компанитай том группын өв залгамжлагч хүүхэн, тэгээд бүр хүний өмсөж байгаа хуучин триког сэжиглэхгүй өмсөхийг хүснэ гэж байж болох уу. Бантсандаа тайлж өгөөд өөрөө хөлөөрөө нүцгэн ороод л явчлаа.

Энэ явдлаас хойш 3 сарын дараа, баасан гаригийн орой “Сайн уу, хөөрхөнөө. Маргааш ганцаараа манай лагерь дээр хүрээд ирээч, найзад нь ярих чухал юм байна” гэсэн мессеж ирэв. Би ч замаараа хэдэн хүргэлт хүргэчихээд хотоос зайдуу байх эдлэн дээр нь яваад очлоо.

Хоёр охин нь аавтайгаа ууланд авирахаар явсан гээд нөгөөх маань гэрийн үйлчлэгчтэйгээ хоёулахнаа байна. Хоол унд идээд ойр зуурын юм ярьж сууснаа “Чамд маш их баярласан шүү, аварсанд. Найз нь чамд триконы чинь өрийг төлөх гээд…”гэв. Би ч юун сүртэйм дээ, үүнийг хэлэх гэж дуудсан юм байхдаа, өнөөдөр хүүхдүүдээ усанд оруулдаг өдөр, ажил ихтэй байхад гэж ундууцан бодоод “зүгээр ээ, шинэ трико ч биш дээ ямар, ичмээрийн, зүгээр ш дээ, цаадуул чинь номын клуб дээр шинэ номын нээлттэй гээд өнөөдөр надад олдохгүй юм ярьсан, найз нь ингэсгээд явъя даа” гээд өндийв.

Нөгөөх чинь “Нааш ир дээ, чи харин найздаа өгсөнийг минь зүгээр л авна гэж амла” гэж хэлээд цонх руу харан зогсов. Би ч дөхөж очин цонхоор харвал хуучин муу прьюс-20-н минь хажууд гялтганасан хар машин зогсож байна. Намайг дагуулан гарч нөгөө машинд суулгав.

Цайвар шаргал бүрээснийх нь цэвэр арьсны үнэр хамар цоргино. Хэдий гялгар уутыг нь авсан ч цоо шинэ гэдэг нь илт. Нэг муу хуучин трикогоо хэдэн цаг өмсүүлсний хөлсөнд цоо шинэ “Toyota CAMRY” машин авчихаж байгаа юмуу. Гэнэт арьс барзайж, шар үс босон зэвүү хүрээд явчлаа:

“намайг одоо юу гэж бодоод байгаан, энэн шиг хэдэн тэрбумгүй ч ядуу гуйлгачин биш шүү, чадлынхаа хэрээр боломжийн сайхан амьдраад л явж байна, муусайн баячууд бүр солиорох нь шив дээ, ямар зэвүүн амьтан бэ” гэж бодоод “яасан, нэвтрүүлэгт ороод байгаан биш биз дээ, нууц камер энэ тэр” гээд нухацтай харлаа.

“Үгүй ээ, юун нэвтрүүлэг мэвтрүүлэг, чамайг угаасаа яаж хүлээж авахыг чинь багцаалдаж л байсан л даа, би чамд хөрөнгө оруулалт хийж байна, хүргэлтийн компанид чинь” гэж догдлон инээмсэглээд, Золоог таксидаад хүрээд ир гээд дуудчихсан гэв.

Хүнээс зүгээр юм авч сураагүй хүн чинь “яагаад надад өгч байгаан бол, энэ Сувдаа надад ямар нэгэн гэмтэй юм болов уу, нөхөртэй минь явалдсын биш байгаа, эсвэл ингэж хичнээн саяын юм өгчихөөд араас нь юу ч нэхэх юм билээ, энэ ингэхэд ухаан санаа нь зүгээр байгаа” түм буман бодлуудад толгой минь гашилж, би ч авахгүйгээрээ гүрийж, нөхрүүд ч ярилцацгааж, бөөн юм болсоны эцэст нь тэр машин үнэхээр МИНИЙХ болсон юм. Хүүхдүүд минь бөөн баяр.

Найз маань нөхрөөсөө байнга л миний тухай сонсдог байж, оюутан байхад нь нөхрийгөө байхгүйд яаж хүүхдүүдээ өсгөсөн, одоо зургаагийн зургаан хүүхдийн хажуугаар гомдол гоншигоноогүйгээр яаж ажил хийгээд яваад байдгийг ойлгож чадахгүй, ажлын м.а.л болсон, олон хүүхэд цувуулсан тэнэг хүүхэн л гэж боддог байж.

Өөрөө бол 2-хон охинтой, гэртээ ганц ч хоол хийж үзээгүй хэрнээ л байнга ядарч байна, ингэмээр байна, тэгмээр байна гэж нөхөртөө үглэж дуулна. Уулзах тусам л би таалагдаж, үнэхээр амьдралын төлөө, байгаагаараа, шударга, аятайхан хүүхэн шиг санагдаж туслах юмсан, хамтарч бизнес хийвэл яадгийн бол гэж хүртэл боддог болжээ.

Намайг ажлынхаа хажуугаар хувиараа хүргэлтийн ажил хийж байгааг дуулаад ээжийнхээ захиж авчруулчихаад хэдэн удаа унаад л голсон машиныг надад бэлэглэхээр шийдэв. Амархан байгааз, цамцаа багадуулаад авчихаж, дүүдээ өгчихье дөө л гэж байгаам шиг.

Азтай шаар вэ гэж бодож байна уу, хаха. Миний бодлоор “аз” гэдгийг би аль дээрээс бэлтгэгдсэн хичээл сургуулилт л гэж боддог доо. Ямартаа ч өглөө нар мандаж, орой сар гардгаараа гарна, амьдраад байна даа, хө.

Ж.Оюун

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button