Өгүүллэг

20 жилийн өмнө танихгүй зөрөхөд нь яаж хор шар буцалснаа хэлээд тавьчих шахсан минь энэ

Аймгийн төвийн хавар шороо пургиад бүрзгэр. Аргаа барахдаа нутгаа бараадсан миний дотор бүр ч арзгар. Хэний ч нүдэнд гундуу амьтан тусаад байгаа бололтой. Гудамжинд ангийн охинтой таарсан биш, эгээтэй л гишгээд өнгөрсөнгүй. Намайг таньж зогтуссан хэрнээ, анзаараагүй дүр эсгэн сэлбэлзэн холдсоныг яана.

– Хо Мядаг хүртэл.., гэж бодохоос миний хор шар хөдлөөд, цээж зурагдаад явчихлаа. Мядаг бол хариугүй амьтан. Яамны шалгалтын хүн “Монгол улс хаа байна?” гэхэд, газрын зураг дээр Номхон далайг зааж, тэргүүний сургуулийн нэрийг улс даяар гутааж байсан нөхөр. Унтаа нүдтэй, хонхойсон цоохор хацартай, хачин муу сурлагатай охин явсан юм шүү дээ.

– Би бүх аймгаар явсан. Ийм ховор т.э.н.э.г хариулттай огт таарч байгаагүй! гэж яамны хүн хэлсэн. Энэ бол 1982 он, зургадугаар ангийн явдал. Үүнээс хойш хүүхдүүд Мядагийг “Ховор” гэж хочилж эхлээд, сүүлдээ “Хо Мядаг” болгож товчилсон.

Надтай хамт балга т.а.г.ш юм хайж явсан багын анд Доогий маань миний тогтож ядталаа цухалдаж буйг огт мэдрэхгүй,

– Наад Ховор Мядаг чинь одоо жинхэнэ Ховор хүн болсон! гэдэг байгаа. Миний нүд оройдоо гарчихлаа. Ховор юмыг мэддэг, Ховор амьтан болсон гээд, Доогий цааш Ховор хүүхний тухай ярьж байна.

– Нисэх буудлын кассыг хэн ховор хүн гэх вэ? Нохой долоо! гээд би хашгирчихсан зогсов. Ядахдаа захиргааны жижүүр бол яахав гээд ёжтой инээмэр аядлаа.

Золиг гэж. Тэгтэл Холын аймгийн Нисэхийн касс гэдэг нээрээ л Ховор амьтан болж таарсныг яалтай. Ерээд он дундаа орчихсон, наймаа арилжааны ид үе тул хотын онгоцны суудал гэдэг ховор зүйл. Өглөө Ховор Мядаг хэргээр ажилдаа ирэхгүй удаж, хот луу яарч буй хөөрхий хүмүүсийг шарлааж, сэтгэл санаагаар нь тоглодог.

Ноолуурын ченж ч юм уу, банкны эрхлэгч ч юм уу зуйрч, цоо шинэ “69” машинаар давхин, Ховор бүсгүйг ажилд нь залж ирдэг. Машинаас ихэмсэг бууж байгаа нь үнэтэй энгэсэг түрхсэн, толийсон цагаан хүүхэн харагдана.

Зовхиндоо хүрэн тень донжтой тавьсан нь шаавай. Цоохор хацар, унтаа нүдтэй Мядагийг гэж танихын эцэсгүй. Хувцасных нь дэгжнийг хэлэлтгүй. Би хааяа Нисэх орохоороо алсаас барааг нь харж, аанай л хор шар буцлаастай.

– Энэ бид хоёрт харьцуулашгүй ялгаа бий. Би юундаа ингэнэ вэ. Тоохоо боль! гэж өөртөө байнга хэлдэг ч, өөрийн эрхгүй бугшаад л эхэлдэг.

Аймаг жижигхэн, касс ганцхан юм болохоор зон олон, дарга цэрэг, э.м.ч с.у..в.и.л.а.гч хэн ч бай “Ховор” хочтой, ховор бүсгүйн өмнө хойно гүйлдэнэ. Энэ бүхэн маньд дэндүү хөгийн санагдах ч, хүн бүгд үүнийг ийм л байх ёстой юм шиг хүлээж авдаг нь эгдүүцэм.

Ховор Мядагийг “Нойлийн ногоон тэг” гэж загнан самбарт хатаадаг асан Дэнсмаа багш, “Миний шавийн ажил нь сайн уу?” гээд л илт тал зассан өнгөөр мэндлэхэд, цаадах нь дуу шуу ч үгүй янтайж үзэгдэх.

– Цаг солигдоно гэж хачин юм аа. Яалт ч үгүй цөвүүн цаг ирчихжээ! гэж би ганц найздаа үглэн учиргүй бугшина. Доогий ангайн Мядагийг ширтэж уур хөдөлгөнө. Хүний гавьяат эмч Банзар гуайг “Байхгүй гэж хэлээд байхад, ямар ядаргаатай өвгөн бэ?” гэж аашилж байгаа сонстоно.

Наадах нь жижигхээн аймаг бүү хэл улс даяарт үнэ хүндтэй буурал шүү дээ. Аймгийн даргын мэдлийн гэх хоёр суудал байдаг хэдий ч зочин олонтой үедээ дарга өөрийн биеэр Мядагтай утсаар ярьж, зөөлөн дуугаран гуйдаг гэж байгаа, базарваань!

Би гэдэг хүн эцэг эхдээ эрхлэн, ажилгүй дэмий гонзгой, бүтэн хоёр жилийг аймгийн гудамжинд барлаа. Ерээд он гараад улсын олон үйлдвэр зогсож, шинжилгээ судалгааны хүрээлэнгүүд татан буугдаад, археологич мэргэжлээрээ дөнгөж хоёр жил ажиллахчаа болоод байсан би орон тооны цомхотголд өртөж, тийнхүү тартагтаа тулаад байсан үе. Бүрзийтлээ шартсан нэг амралтын өглөө аав минь, орны өмнө ирж суугаад санаа алдав.

– Ангийнхнаа хар! Оо сойзхон зарж эхэлсэн нэг нь дэлгүүртэй болчихлоо. Хэлтсийн дарга, э.м.ч, багш гээд бүгдээрээ ажилтай төрөлтэй, сайн явж байна. Тэгэхэд чи..? гэлээ. Мундаг наймаачин Түүгий биш, тамгын хэлтсийн дарга Ганбаа биш, сайн их эмч гэж хүндлэгдсэн Цоомоо биш, зөвхөн өнөөх Ховор Мядаг л нүдэнд харагдаад, дотор бачуураад явчихлаа.

Цээж өөд юм огших шиг болоод, хоолой цахиртаад ирснийг хэлээд юүхэв. Удалгүй би “Хо Мядагаас гуйж харагдаач” гэж цухалдаад онгоцны тийз хайлгүй, тэр үед хүн тээвэрт явдаг байсан ачааны тэрэгний тэвшин дээр дэнжигнэн нийслэлийг зорьж билээ.

Яг хорин жилийн дараа би Францаас ирсэн буурал доктортой Алтан Хөхий уулын бэлд малтлага хийгээд буцаж явлаа. Жолооч Олон улсын экспедицийн хүн болохоор аймгийн төвд жархан километр үлдсэн атал дүрмээ яс барьж,

– Өнөөдрийн явах норм гүйцсэн гээд, Шаргын говьд зам дагуу буусан малчин айлын ойролцоо майхнаа босгож эхэллээ. Би малчин эзэгтэйн хөөрүүлсэн сүүнд нугасгүй дуртай болчихсон францаа баярлуулах санаатай, дагуулан айл руу алхлаа.

– Хүүе, Болдоо! Ямар сонин хүн бэ? хэмээн айлын эзэгтэй дуу алдахыг харвал өнөөх Ховор Мядаг маань дүрээрээ. Таниагүй царай гаргаад, дэргэдүүр салхи татуулаад өнгөрдгөө мартжээ.

– Ангийн хүүхэд! гээд, гараа гарган дайлаад сүйд. Хар хүн нь малаасаа оройтон орж ирэхийг нь харвал хуучин нөхөр Гарамхүү нь мөн. Нисэхийн касс “Ховор амьтан” байхдаа нөхрөө солиод, баян залуутай суусан гэдэггүй билүү гэж би гайхаж суув. Гарамхүү зэргэлдээ ангийнх тул бас л бөөн баяр.

– Англид доктор хамгаалсныг чинь ангийнхнаас дуулсан. Археологийн том нээлт хийгээд, Олон улсын шагнал авлаа гээд телевизээр гарахыг чинь харсан. Чи манай ангийн бахархал шүү гээд л, Мядаг магтаж байна. Гэрийн эзний задалсан хатуу юманд халсандаа,

– Энэ бүхэн чиний л ач гэчих шахаад, хэлээ хазлаа. Хорин жилийн өмнө танихгүй зөрөхөд нь яаж хор шар буцалснаа хэлээд тавьчих шахсан минь энэ. Ховор Мядаг хорин жилийн өмнөх үйлдэлдээ гэмшээд байгаа нь илт мэдрэгдэнэ.

Франц маань хошин хүн тул “Мадам” гэж эвтэйхэн дөгөөсөөр, Мядагт хоёр ч хундага татуулан жаал хөгжилдөж, намрын тарган махны бараанаас жаахан шоглосон болоод, майхандаа амрахаар яваад өглөө. Ангийн охин нэг зүйлийг ярих гэснээ минчийтлээ ичээд, говийн наранд борлосон хацар нь улаа бутарч байна. Үгээ залгин хэсэг чимээгүй сууснаа эцсийн эцэст зориглов.

– Би Нисэхийн касс хийсэн зургаан жилдээ хүнээ больчихоод байсан шүү. Одоо хүний нүүр харахаас ичдэг. Ханиа хүртэл хаяхдаа шахсан гэж байна.

– Намайг уучлаарай. Доогий та хоёрын дэргэдүүр танихгүй юм шиг өнгөрдөг байснаа бодохоос газар доогуур орчихмоор болдог гэснээ, Мядаг хундгаа ахиад нэг суллачихлаа.

Эднийх гурван хүүхэдтэй, ууган нь гадаадад, удаах нь дотоодод дээд сургууль төгссөн. Отгон хүү нь сумын наадамд морь айрагдуулсан, Гарамхүү өөрөө аймгийн аварга малчин гээд мандаж байгаа гэнэ.

Шөнө дунд өнгөртөл хууч хөөрч, алдрай насаа, ангийнхнаа дурслаа. Гэгэлхэн багын дурсгалын дэвтрээ сөхөв. Би гээч золиг “Ховор Мядаг хоохолзоно, Хондон байдас шоохолзоно” гэж ирээд л хөөрхийг явуулсан аястай шүлэг биччихэж. Мядаг догдлоод л,

– Ховор гэснээс, би ч яахав муугаараа л ховор хүн. Харин Болдоо чи нутгийн бахархал болсон Ховор хүн шүү гэж байна. Харин би,

– Үгүй, чи сайнаараа Ховор хүн. Хүнээ болиод алдаж яваагаа мэдэрч, өөрийгөө татаж авна гэдэг чинь Ховор хүнд байх чанар! гэж зүтгэлээ. “Монгол улсыг заа” гэхээр Дэлхийн хамгийн том далайг заана гэдэг, Далай Их Монгол улс гэж далдуур хэлж л байсан хэрэг.

Тэр бол мань мэтэд байгаагүй Ховор мэдрэхүй. Чи Ховор хүн! гэж, чин үнэнээсээ мэтгэхэд минь Мядаг бүр тайвширчихлаа. Ангийн охины дотор нь онгойж байгаа нь илт мэдрэгдээд, сэтгэлд нэг л таатай.

Маргааш өглөө нь бид эрт хөдөллөө. Хэсэг явтал, үнэхээр л энэ “Ховор” хочтой Ховорхон бүсгүй байгаагүй бол би өдийд ийм явахгүй ч юм билүү гэж бодогдлоо. Докторын зэрэг хамгаалах гэж байхдаа ч, “Ховор Мядаг хүртэл намайг тоохгүй байлуу?” хэмээн хор шараа буцалган суусаар үүр цайлгадаг байсан.

Анх экспедицид малтагч ажилчнаар орохдоо ч, чухам энэ л хор шараар ажилдаа арай л дэндүү гэхээр няхуур нямбай хандаж, чин сэтгэлээсээ хөлсөө урсган хөдөлмөрлөж, эрдэмтдийнхээ сэтгэлийг хөдөлгөсөн. Тэр намраа л намайг судлаачаар үлдээнэ гэхэд эрдэмтэд бүгд дуу алдан дэмжсэн.

Хавчигийн давааны оройд намрын нар мишээгээд, тэнгэр тэнэгэр. Нутгийн уулс нүдэнд тусаад, таанын үнэр сэнгэнээд, зүрх сэтгэлд яруухан.

– Ямар азаар Ховор Мядаг минь чи тэр өдөр миний дэргэдүүр таниагүй юм шиг сэлбэлзээд, салхи сэрхийлгээд өнгөрөв өө! Тэр бол т.э.н.э.г намайг сэртхийлгэсэн ховор тохиох дохио байсан! хэмээн би бодсоор л явлаа.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button