Данс андуурч шилжүүлсэн 100 сая төгрөгөө буцаан авчээ
Интернет банк ашиглан бусад руу 100 сая төгрөг шилжүүлэх үедээ данс андуурч, гүйлгээ хийжээ.
Улмаар алдаатай гүйлгээ хийсэн талаараа хэлж Дорнод аймгийн цагдаагийн газарт хандахад тус цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч н.Мөнхсоёмбо өргөдлийг түргэн шуурхай шийдвэрлэсэн байна. Улмаар данс андуурч шилжүүлсэн 100 сая төгрөгийг хүлээлгэн өгчээ. Иргэн цагдаагийн байгууллагад талархал илэрхийлсэн байна.
Эрүүгийн хуульд “Хүний гээгдэл эд хөрөнгө, алдуул мал, андуурагдсан илгээмж, төлбөр тооцооны алдаатай мөнгөн гүйлгээ зэргийг эзэмшигч, өмчлөгчид нь буцаан өгөлгүй, эзэмшигч, өмчлөгч нь тодорхойгүй бол цагдаагийн болон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэж хүлээлгэн өгөөгүй өөртөө завшсан үйлдлийн хохирлын хэмжээ 300,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй бол гэмт хэрэгт тооцно” хэмээн заасан байдаг.
Эрүүгийн хуулийн 17.5. Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших
1.Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эх сурвалж: gogo.mn