М.Ариунболд: Баруун эргэх самбар нь мэдээлэх үүрэгтэй болохоос заавал дагаж мөрдөх тэмдэг биш
Автозамын хажууд байрлуулсан “Зам тавьж өгөөд баруун эргэж болно” гэсэн тэмдгийн дагуу эргэсэн жолооч нарыг торгож буй асуудлаар ТЦА-ны Зам тээврийн хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа М.Ариунболд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Энэхүү мэдээлэх самбарыг 2016 онд тухайн үеийн Нийслэлийн авто замын газрын санаачилгаар Замын цагдаагийн газартай зөвшилцөж тодорхой байршилд байрлуулсан байдаг. Өнөөдрийг хүртэл энэхүү самбарууд тодорхой уулзварууд дээр байрлаж байсан. Гэтэл нэг иргэн энэ самбарыг дагаснаас болж торгуулсан гэх асуудал яригдсан. Бид энэ талаар тодорхой мэдээллийг өгье. Тэгвэл энэхүү мэдээлэх самбар нь замын хөдөлгөөний дүрмээр зохицуулагдана. Дүрэмд зааснаар бол тус самбар нь урьдчилан анхааруулах бөгөөд заавал дагаж мөрдөх тэмдэг биш гэж заасан байгаа.
Тийм учраас тухайн уулзвараар зорчиж байгаа жолооч замын тэмдэг гэж бодож заавал дагаж мөрдөх албагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ иргэд үүнд эргэлзэж байгаа учир бид замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрмийн дагуу мэдээлэх самбараар зохицуулах шаардлагагүй болсон уулзварууд дээр байршуулсан самбаруудыг өнөөдрөөс эхэлж буулгаж байна” гэлээ.
Эх сурвалж: medee.mn