“Хатгитай хүүхдийг гэрээр эмчилбэл буглаа, нэвчээс, үжил болж хүндэрнэ”
ЭХЭМҮТ-д өдөрт 30 гаруй хүүхэд хатиг бугласан хагалгаанд орж байна. Эцэг эхчүүд хамгийн түрүүнд хүүхдийн биеийн аль нэг хэсэгт хатги гарсан бол дур мэдэн өөрсдөө эмчлэх, антибиотек уулгах эсвэл хайхрамжгүй орхиж хэрхэвч болохгүй юм байна. Бид энэ талаар ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч, клиникийн профессор, доктор А.Цэнджавын ярилцлагыг сэргээн нийтэлж байна.
-Бага насны хүүхдүүд хатгинд их өртөж байна гэх мэдээлэл бий. Сүүлийн үеийн мэдээллээс ярилцлагаа эхэлье. Хатги хүүхдүүдэд нийтлэг тохиолдож байгаагийн шалтгаан нь юу вэ?
-Хатги ихэсч байгаа шалтгааныг антибиотикийн замбараагүй хэрэглээнээс болсон гэж хэлж болно. Антибиотикт тэсвэртэй хатги их байна. Тэгэхээр антибиотикийг эмчийн заавраар ууж хэвших хэрэгтэй. Хатги, буглаа үүсэх анхны шалтгаан ерөөсөө л энэ. Дараагийн нэг шалтгаан бол орчны бохирлоос үүдэлтэй. Хөрс, усны бохирдол нөлөөлж байна. Хатги нь буглаа, нэвчээс, үжил болж хүндэрдэг. Гэхдээ бүх хатги хүндэрдэггүй. Зөвхөн иргэдийн хайхрамжгүй, хэнэггүй байдлаас болдог. Хатги буглаа, буглаа нь нэвчээс болж, нэвчээс нь цусанд орвол үжил болох эрсдэлтэй. Буглачихсан хатги хүний цусанд нэвчиж, эм тариандаа дарагдахгүй бол идээлэгч бактери нь цусанд тархсанаар үжил болдог. Үжил болсон бол цус хүрч буй бүх эд эрхтэн болгонд идээ нь бугладаг гэмтэй.
-Хатгийг эмчийн зааваргүйгээр өөрсдөө дур мэдэн эмчлэх нь ямар сөрөг үр дагавартай вэ?
-Хоолойд гарсан хатгины идээ уушги руу уначихдаг. Ийн идээт халдварыг эд эрхтнээр тараах эрсдэлтэй. Үүнийг эмчийн заавраар, цаг тухайд нь зөв эмчилж чадах юм бол эдгэнэ. Буруу тусламж үзүүлэх, хэнэггүй байдлаасаа болж хатгитайгаа удах юм бол буглаас болж нэвчээд цаашлаад үжил болох эрсдэлтэй. Үжил болчих л юм бол хүний цус хүрж байгаа эрхтэн болгонд буглах юм. Хамарт гарсан хатгийг бүрэн эмчлээгүйгээс болж гаморит болох тохиолдол ч бий. Эмчийн зааваргүйгээр хатгийг тоогоогүйгээс болж олон өвчний эхлэл суур нь болдог. Сүүлийн үед MRSA буюу антибиотикт тэсвэртэй хатги элбэгших болсон. Үүний үүсгэгч бактери нь хүний дотор ороод үхчихдэг. Үхчхээрээ дотроосоо хор ялгаруулдаг учраас маш хурдан үжил болох эрсдэлтэй.
-Уншигчдад илүү ойлгомжтой болгох үүднээс үжил гэгчийг тайлбарлахгүй юу?
-Хатгины хамгийн хүндэрсэн шат. Үжил болно гэдэг маань хатгинаас үүдэлтэй идээ цусанд нэвчих үзэгдэл. Ийн цусанд нэвчиж үжил болох юм бол цусаар төлжиж буй бүх эрхтэн идээнд баригдаж байна гэсэн үг.
-Хатгины тухайд үжлээс өөр яаралтай арга авах нөхцөл бий юү?
-Байгаа. Хүний нүүрнээс цээжний гол, ар дагзнаас нурууны гол хүртэл зайд гарсан хатги хамгийн эрсдэлтэй. Учир нь ийм хатги тархины судсыг бөглөөд маш хурдан хугацаанд нас барах эрсдэлд хүргэдэг.
-Хатгинд өртсөн иргэд юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Хатгийг гэрээр огт эмчилж болохгүй. Ялангуяа хүүхдэд гарсан хатгийг гэрийн нөхцөлд хөндөхийг хориглоно.
Эх сурвалж: eguur.mn