ӨӨРЧЛӨЛТ: Нийтийн тээврийн автобуснууд нэгдүгээр сарын 20-ноос шинэ маршрутаар явна
Нийслэлийн нийтийн тээврийн автобуснууд энэ сарын 20-ноос шинэ чиглэлүүдэд явахаар болжээ.
Энэ талаар Нийтийн Тээврийн Газраас тодруулахад “Нийтийн тээврийн автобусны шинэ чиглэлийн төлөвлөлтүүд батлагдсан, 2024 оны нэгдүгээр сарын 20-ноос хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл нийтийн тээврийн автобуснууд шинэ маршрутаар явж эхэлнэ. Хуучин маршрутаар явахгүй гэсэн үг.
Зургаан урт чиглэлийг холбосон найман тойргоор нийтийн тээврийн 74 шинэ чиглэлд 1,075 автобус үйлчилгээнд явахад бэлэн болсон. Ингэснээр иргэдийн автобус хүлээх хугацаа багасаж, 6-8 минутын зайтай үйлчлэх юм. Мөн автобус очдоггүй газруудад хүрч үйлчлэх болно.
Шинэ төлөвлөлтөөр 40 чиглэлд 494 автобус богино эргэлтээр үйлчилгээнд явна” гэсэн мэдээллийг өглөө.
НЗДТГ-аас мэдээлснээр Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчих юм. Тус зургаан уртын чиглэлийг холбосон найман тойрог чиглэлд 92 автобус, бусад гудамж замуудаар үйлчлэх богино эргэлтийн 40 чиглэлд 494 автобус үйлчилгээнд гарах юм байна.
Түүнчлэн хот орчмын 15 чиглэлд 89 автобус явах бол их багтаамжийн автобус явах боломжгүй буюу хотын захын хорооллуудын таван чиглэлд 25 дунд багтаамжийн автобус явж, нийт 74 чиглэлд 1,075 автобусаар иргэдэд үйлчилгээ бөгөөд эдгээр чиглэлийн төлөвлөлт нь бүгд хоорондоо огтлолцож байгаагаараа онцлогтой аж.
- М1 чиглэл нь Таван шар-Офицеруудын ордон хүртэлх чиглэлд 75 автобус, ойролцоогоор 2-3 минутын давтамжтайгаар нийтийн тээвэрт үйлчилнэ. Эдгээр автобус өөр чиглэлд явахгүй. Эхний автобус ирэхэд араас нь дараагийн автобус 1-2 минут, цаад тал нь гурван минутын давтамжтайгаар зорчигчдоо хүлээж авна.
- М2 чиглэл нь Зунжин худалдааны төвөөс урагш явсаар Сүхбаатарын талбайн зогсоол дээр очно. Улаанбаатарын төв талбайн автобусны зогсоолд баруун талаар тойрч ирээд Соёлын төв өргөөний хажуугаар явсаар зогсоол дээр хүмүүсээ буулгаж, баруун талын гарцаар гараад ордон тойроод хойш явна.
- М3 чиглэл нь Нисэх-Сүхбаатарын талбайн урд талын уулзвар болох Төв шуудангийн уулзвараар нэвтрээд 20 метр яваад баруун гар тийшээ эргэнэ. Мөн адил машины зогсоол байгаа хэсэг дээр автобусны буудал төлөвлөж байна.
- М4 чиглэл нь Шар хадыг хорооллын эцэстэй холбосон хойд тойруугаар явах чиглэл. Мөн ялгаагүй М2 чиглэлтэй огтлолцоно.
- M5 чиглэл нь Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс Дотоод хэргийн их сургуулийн урдуур явсаар Чулуун овоогоор тойрч урагш Нарны зам руу орно. Улмаар Гермес центр ороод буцаад явна.
- М6 чиглэл нь шинэ зуун айл буюу Дүнжингараваас зүүн тийшээ байгуулагдаж байгаа Шинэ зуун айл Монгол тэмүүлэл, 130 дугаар сургуулийн орчимд эцсийн буудлыг нь төлөвлөсөн. Энэ нь Баянмонголын гудамжаар яваад Энхтайваны гүүрэн доогуур ороод ТЭЦ3-ийн автобусны эцсийн буудал дээр очдог үндсэн зургаан чиглэлийг нэгдүгээр сарын 20-ноос нэвтрүүлнэ.
Эх сурвалж: ikon.mn