Мэдээ

Ц.Сарантуяа: Ааруул 69 мянга гэдэг үнэтэй санагдсан учраас үнэнээ хэлсэн

“69 мянгаар ааруул авсан” хэмээн ярьж, олны анхааралд өртсөн Ц.Сарантуяатай хэсэг хором ярилцлаа.

-Ааруулын үнийн талаар ярьсан таны ярианы хэсэг цахим орчинд тархаж, олны анхаарлыг татлаа. Миний мэдэж байгаагаар таны охин сэтгүүлч гэсэн. Тиймээс энэ мэргэжлийн жаргал, зовлонг ойлгодог хүний хувьд яриа өгөхөөс татгалзаагүй гэж ойлгосон?
-Ард иргэд сэтгүүлчдийг нохойноос долоон дор үздэг болсон цаг үе. Хамгийн наад зах нь “Танаас нэг ярилцлага авч болох уу” гэж асуухад микрофоныг нь авч шидэх холгүй байдаг. Хүний ухамсар тийм л хэцүү болсон байна. Угтаа бол сэтгүүлч нарыг хайрлах хэрэгтэй. Учир нь тэд чинь Монголын ард түмний толь, нүүр царай шүү дээ.
Ярианы хувьд гэвэл намайг БЗД-ийн худалдааны төвд явж байх үед нэг сэтгүүлч хүү хүмүүсээс ярилцлага авах гэж байгаа болтой зогсоод л байсан. Түүнд хүмүүс ярилцлага өгөх шинжгүй, тоохгүй байгааг би анзаарсан юм. Тэгтэл над руу чиглээд ирсэн. Би өгөөгүй бол өөр ямар ч хүн яриа өгөх боломжгүй байсан. Тиймээс миний охин ч гэсэн адилхан сэтгүүлч мэргэжилтэй учраас мэргэжлийнх нь жаргал зовлонг мэддэг хүний хувьд яриа өгчихсөн юм. Сэтгүүлчийн ажил хэцүү. Дандаа л хүмүүсийн ая эвийг тааруулж харьцдаг, гуйж яриа авдаг зовлонтой тал бий. Тийм болохоор л ажилд нь нэмэр болог дээ гээд бодит байгаа байдлыг ярьсан.

-Та цагаан сарынхаа хэрэглээний ааруул авахаар явж байв уу?

-Манайх 2000 оноос өдийг хүртэл БЗД-т амьдарсан. Тэр ч утгаараа дүүргийн худалдааны төвөөр их явдаг. Энэ жилийнхээ цагаан сарын тавгийг ааруулаар засна гэж бодоод өнгөрсөн 11 дүгээр сараас хойш боломжоороо цувруулан авч байгаа минь энэ л дээ. Цаашлаад ач, зээдээ авч өгвөл хэрэгтэй л гэж бодож явсан. Тэгээд нэг кг ааруулын үнэ асуухад 69 мянган төгрөгөөр худалдаалж байсан.

-Ааруул үнэтэй байгаан шалтгааныг та хэрхэн харж байна?

-Ченжүүд хөдөө орон нутгаас мах, сүү цагаан идээ авдаг. Ингээд тэднээс худалдаачид авдаг. Өөрөөр хэлбэл энэ хоёр дамжлага тус бүр дээр үнэ нэмэгддэг. Тэгээд хөөрхий бидэнд ирэхдээ ийм үнэтэй болчхож байгаа юм. Энэ л бидэнд их хүндээр тусаад байна.

-Цахим орчинд нийтлэгдсэн ярилцлагыг хүмүүс ихээр хуваалцаж сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Сайн, муу аль аль нь л байх шиг байна. Та хэрхэн хэлээн авч байна?

-Цахим орчинд тархсан ярилцлагын доор сэтгэгдэл бичиж байгаа хүмүүсийг харахад, Монголчууд үнэн юманд дургүй болчихсон юм байна гэж л ойлгож авлаа. Эхлээд ойлгох биш ёжилж, шүүмжлэхээ урьтал болгодог болжээ. Миний бичлэгийг бүтэн агуулгаар нь биш хүмүүст буруу ойлгогдохоор тасдаж, хэсэгчилж цахим сүлжээнд гаргаад байсан болохоор хувьдаа дургүйцлээ илэрхийлж “Миний өгсөн ярилцлагыг битгий тасдаж тавиад байгаач ээ” гэдэг сэтгэгдэл хүртэл бичсэн. Бусдаар эмзэглээд байх шаардлага байхгүй. Үнэнийг л хэлсэн. Хэрэв үнэнийг хэлж ярьсан хүмүүсээ ингээд байвал хэвлэлд яриа өгөх дуртай хэн байх вэ дээ.

-Ярилцсанд баярлалаа

Эх сурвалж: Eguur.mn

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button