Мэдээ

Монголын багийн хамгийн залуу тамирчин Б.Болор-Эрдэнэ: Спорт хүнийг тууштай, зорилготой болгодог

‘Токио-2020’ зуны XXXII олимпын наадамд оролцож буй манай багийн хамгийн залуу тамирчин Батмөнхийн Болор-Эрдэнэ юм. Ширээний теннисийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ур чадвараа сорьж буй Б.Болор-Эрдэнэ 2002 оны арваннэгдүгээр сарын 12-нд төрсөн бөгөөд 18 настай юм. Монгол Улс түүхэндээ анх удаагаа ширээний теннисний төрлөөр олимпод оролцсон нь энэ байв.

Болор-Эрдэнэ охиных ам бүл зургуулаа бөгөөд нэг эгч, хоёр дүүтэй. Хоёр дүү нь мөн ширээний теннисний спортоор хичээллэдэг. Ээж аав нь гурван хүүхдээ энэхүү спортоор хичээллэхийг нь ихэд дэмждэг байна. Болор-Эрдэнэ: ‘Спорт хүнийг зорилготой, тэвчээртэй, тууштай болгож төлөвшүүлдэг. Өөрийгөө илүү нээж, танилын хүрээгээ тэлдэг.  Мөн ялж, ялагдаж зорилгодоо хүрэхийн тулд тэсвэр тэвчээртэй байж сурдаг. Ширээний теннис спорт нь яг л шатартай адилхан. Шатрын спортоос нэг өөр зүйл нь хурдтай. Тиймээс  хурд, хүч, тэсвэр зэрэг бүхий л чадварыг хөгжүүлдэг спорт юм. Залуучууддаа хэлэхэд спортоор хичээлээрэй. Үүний үр дүнд тууштай, тэвчээртэй, зорилготой болно шүү’ хэмээн уриалжээ.

18 настай Болор-Эрдэнэ маань тэмцээнд оролцохын өмнө өдөр бүр бэлтгэл хийж,  сэтгэл зүйн хувьд тэмцээнд орохынхоо өмнө хожих, хожигдох талаар бодохгүй байж хийх зүйлдээ л анхаарлаа төвлөрүүлэн бэлджээ.

Залуу теннисчин эхний тоглолтдоо Тунисын тамирчинг илүүрхсэн юм. Ширээний теннисний спортоор анх удаа олимпод оролцож буй Монгол Улсын хувьд энэхүү тоглолт түүхэн хожлоор эхэлж олон Монголчуудын зүрхийн огшуулсан сайхан үйл явдал боллоо. Гэсэн хэдхий ч Ширээний теннисний эмэгтэй ганцаарчилсан төрөлд өрсөлдөж буй Б.Болор-Эрдэнэ нэгдүгээр тойргийн тоглолтоо Чили улсын тамирчин Паулиниа Вегатай хийж, дөрвөн ээлжийн тоглолтод 4-0 гэсэн харьцаатай харамсалтайгаар ялагдлаа. Ийнхүү Монгол ширээний теннисний баг тамирчдын хувьд Токио 2020 олимпийн наадам өндөрлөсөн юм.

Хэдий ялагдал хүлээж олимпийн наадмыг өндөрлүүлсэн ч Монгол түмэн чамаар бахархаж байгаа шүү гэдгийг манай сайтын хамт олон дахин дахин хэлмээр байна. 18 настай охин тив, дэлхийн мундаг тамирчидтай өрсөлдөнө гэдэг бол үнэхээр гайхалтай, бахархмаар үйл явдал мөнөөсөө мөн. Цааш олон олон олимп, уралдаан тэмцээн чамайг хүлээж байгаа шүү. Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж яваарай охин минь. Монгол чамаар бахархаж байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button