БИ ААВ БОЛСОН – Амьдрал гэдэг сонирхолтой юмаа. Шагнаад ч байгаа юм шиг, шийтгээд ч байгаа юм шиг, жаргалтай ч юм шиг, зовлонтой ч юм шиг…
Анх намайг ухаан ороход ам бүл 5 байлаа. Ааяаяа айдаа их жаргал шүү. Айлын ганц хүүхэд ээж, аав, эмээ, өвөө бүгдэд эрхлээд л… Мөн ч сайхан байждээ. Хүссэн бүхнээ авдаг, хүний амьдрал тэгж л эхэлмээрдээ. Би өмнө нь 2 удаа захидал илгээж байсан 22 настай залуу байнаа. Эхний захидалд гэр бүлийн хүмүүс минь өөд болж ам бүл 5-аас 2 болж цөөрсөн, хайртай хүмүүсээ алдаж хөгшин эмээтэйгээ хамт хорвоогийн тоосыг хөдөлгөх болсон талаар өгүүлдэг бол удаах захидалд хорвоогийн хамгийн сайхан эмэгтэйг эхнэрээ болгож, хөл хүнд болгосон талаар гардаг.
Ажил төрөлгүй болж, өрхийн орлого зөвхөн 0-ийг заадаг, дуртай юмыг нь ч авч өгж чадахгүй хэцүү байсан шүү. Жирэмсэн хүнд идэхийг хүссэн бүх зүйлийг нь авч өгөх ёстой гэсэн бодол яагаад ч юм толгойд их гүн суучихаж. Хүссэн болгоныг нь авч өгж чадахгүй болохоор өөртөө л их уур хүрдэг юм билээ.
Хамтдаа аялана гээд бид 2 цалингаасаа илүүчлээд хэдэн төгрөг хураадаг байсан, тэр мөнгө үсрээд л 1 сарын хүнсэнд дуусчихаж байгаа юмдаа. Гэртээ гүнж шиг эрхэлж, амттаны дээдийг идээд байж байдаг хань минь намайг дагаад зутарчихлаадаа гэж бодохоор л бас их хэцүү шүү. Эмэгтэй хүн жаргах л ёстой гэж өмнөх захидалдаа бичиж байсан минь саяхан мэт л санагдаж байнадаа.
Хэлсэн үгэндээ хүрч чадахгүй болохоор эр хүн өөрийгөө их голдог юм байна. Нэг өдөр хань минь надад хэллээ. “Жимс идмээр байна” гэж. Хөөрхий данс хоосорсон, хэтэвчинд 1600 төгрөг. “За миний хань, хань нь гарчихаад ирье” гэж хэлээд гэртэй хамгийн ойр хүнсний дэлгүүр орлоо. Жимсний хэсгээр алхаад л байлаа алхаад л байлаа, харж харж 2 улаан лооль аваад кассын зүг алхлаа. Худалдагч жин дээрээ тавиад мөнгөн дүнгийг нь бодоход миний зүрх ямар хүчтэй цохилсон гэж санана. Азаар 1400 төгрөг болдог юм байна.
2 улаан лоолио торонд ч хийхгүй халаасандаа хийж аваад дэлгүүрээс гарлаа. Гэр лүү харих замд өөрийгөө ямар арчаагүйгээр мэдэрсэн бэ? Ёстой л хүний адаг мэт санагдсансан. Тэгээд л бодлоо яах вэ гэж? ‘Болгоё гэсэн хүнд боломж мундадгүй, шантаръя гэсэн хүнд шалтаг мундадгүй’ гэж миний хэлэх дуртай үг бий.
Нэг мэргэн санаа харваад л ороод л ирсэн. Ханьтайгаа хамт кимбаб хийгээд лангуун дээр байдаг хүмүүст заръя гэж. Гэр лүү ороод ханьдаа хэлж үзлээ. Дуртай нь аргагүй зөвшөөрч байнаа. Тэр даруй хуулиар сурдаг найзуудаасаа хуулийн талаар мэдээлэл аваад, хүнээс 30 мянган төгрөг зээлээд кимбабны орц авахаар дэлгүүр гарлаа бид 2.
Гол нь хүнд эрүүл юм өгөх хэрэгтэй гэсэн зарчим доор санал нэгдээд орцондоо үнэ биш чанарыг анхаарч авлаа. Тор дүүрэн юм аваад маргааш болохыг тэсэн ядан хүлээгээд хэвтчихсэн. Маргааш ч боллоо. Өглөө 8 цагт босоод 30 кимбаб хийгээд өдрийн 11 цаг 30 минут гэж дууслаа. Хүнсний скочоор нэг бүрчлэн ороогоод, хамгийн том хоолны тогоондоо нямбайлан өрөөд ypyyл дээр нь vнсээд амжилт гээд л гэрээс гарлаа.
Үеийн залуус, таньдаг найзууд хэд хэд таарлаа, яагаад ч юм санаа зовоод байх юм, гэхдээ л үргэлжлүүлэн цааш яваад ‘Эрүүл, шинэ, амттай, өег кимбаб байна шүү’ гэж хашгирлаа. 1 хүн авлаа, 2 хүн авлаа, 3 хүн авлаа нэг л мэдэхэд тогоотой кимбаб дуусчихаж. Тогоогоо зүүн сугандаа хавчуулаад, баруун гараараа утсаа бариад хань луугаа залгалаа.
‘Бүгдийг нь зарчихлаа ханиа’ гэж хэлээд хар хурдаараа гэр лүүгээ гүйчихсэн. Халаасандаа 60 мянган төгрөгтэй. Хүссэн юмыг нь авч өгч чадах нь гээд яасан их баярласан гээ. Бид 2 бөөн баяр. Нүүрний юм хум, жимс, тэжээл, эм гээд ёстой их юм авсандаа. Энэ маягаараа бараг 20 хоног ажиллаад. Нилээн мөнгөтэй боллоо. Манай хүн жирэмсний хэдхэн хувцаснаас өөр хувцасгүй. Намар болоход таарах ч хувцас байхгүй.
‘Ханиа би хувцас авна намар’ гээд хэд хоног л хэллээ. Тэгэхээр нь дансанд нь 200 мянган төгрөг хийгээд ‘Намар болохоор хүссэн хувцаснуудаа аваарай’ гэсэн бас л бөөн баяр. Ээ яасан ч сайхан юм. Эмэгтэй хүний баярлахыг харахаас илүү аз жаргал өгдөг зүйл гэж байнуу. Тэгээд үлдсэн мөнгөөрөө хүүхэддээ өлгий, пампарс, даавуу энэ тэр гээд зүйлсийг авч бэлдээд дотор нь төмөр халбага хийгээд домночихлоо.
Төд удалгүй коронагийн хөл хорио тогтоогоод бид 2-ийн ажил нам. Ханьдаа хувцасны мөнгө өгсөндөө л их олзуурхаад үлдсэндээ. Гэхдээ эмэгтэйчүүд бас л аймар зардалтай байна шүү, ээ бурхан минь. Нүүр, нүд, хумс, зовхи, сормуус, хацар гээд бүгд өөр өөр юм хэрэглэнэ. Тэгээд нэг удаа хамт салхилж байсан манай хүн тэгнээ ‘Намар болоод 2-уулаа ёстой гангалж өгнөө’ гэж байна. Тэгэхээр нь би ‘Ханьд нь ямар ч хувцас хунарны хадгалсан мөнгө гэж байхгүйшдээ’ гэсэн чинь өөдөөс ‘Эр хүн чинь ханиараа гангардаг гэсэн. Хань нь зөндөө гоё гоё хувцас авна тэгээд миний хань надаар гангарчихна’ гэж үү?
Аааяаяа хахаха ёстой хэлэх ч үг олдоогүйдээ хөөрхөн ч юм шиг. Ямартай ч би аав болсоон. 3 хоногийн өмнө 3кг 900 гр хүүтэй болсон. Бөөн баяр. Сэтгэл бүүр дүүрэн мэдрэгдэж байгаа юм чинь. Гэхдээ манай 2 эмнэлгээс гараагүй л байна. Хүүхдээ харах гээд догдлон догдлон бичиж байгаа минь энэ.
Хамаатан садан багатай болоод ч тэр үү энэ фэйсбүүкийн энэ группын хүмүүс минь надад нэг л дотно болчихож. Халуун дулаан үгээрээ надад урам өгч байдагт баярлалаа та бүхэндээ. Хэдий юу юу ч үгүй байгаа залуу хүн хэдий ч сайхан эхнэр, сайхан үрээ хамгийн жаргалтай байлгах болноо. Та бүгдийн амьдралд ч бас аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсье. БИ ААВ БОЛСОН.