Мэдээ

Солонгосын урлагийн салбарт хүч үзэж буй Монгол залуус – Урам хайрлаж тултал нь дэмжицгээе

Жүжигчин Б.Янжиндулам – Солонгосын кино урлаг дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөх болжээ. Саяхан л гэхэд найруулагч Бон Жүн-Огийн найруулсан “Шuмэгч” кино Оскарын наадмаас гадаад хэл дээрх шилдэг кино, Шилдэг кино зохиол, Шилдэг найруулагч, Шилдэг кино гэсэн хамгийн гол дөрвөн шагналыг авсан нь дэлхий нийтийг алмайруулсанг санаж буй байх. Тэгвэл Монгол залуу жүжигчин Солонгосын кино урлаг хөл тавиад байгаа билээ.

“Амьдралоги”, “Mongolian Connection” киноны дүрээрээ танигдсан жүжигчин Б. Янжиндулам “Hot Blooded detective” нэртэй Солонгос инээдмийн киноны гол дүрд Мөнхөө гэх бүсгүйн дүр тоглосон. Б.Янжиндулам нь Солонгосын Үндэсний Урлагийн Их Сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн мэргэжлийн нэгэн бөгөөд өмнө нь 2017 онд “Yongsoon” гэх кинонд хойд ээжийн дүр бүтээж байжээ.

Тэрээр, “Солонгосын номер нэг мюзикл “Jump comic martial art performace” гэж байдаг. Тэндээс хүмүүс Монголд ирж жүжигчний сонгон шалгаруулалт явуулахад нь оролцож тэнцээд анх 2009 онд Солонгос явж нэгж жил тус театрт жүжигчнээр ажилласан. Түүнээс хойш энэ мэргэжлийн амтанд орж дурласан” хэмээн ярилцлагадаа дурджээ.

Дуучин, загвар өмсөгч Kan буюу Б.Баасанхүү – Өнгөрсөн арван жилийн хугацаанд Өмнөд Солонгосын K-Pop, K-Drama тодотголтой урлаг соёлоороо дэлхийг байлдан дагуулж буй. Тэгвэл 22 настай Kan буюу Б.Баасанхүү к-поп ертөнцөд дэбют хийж буй Монголын хамгийн анхны эрэгтэй уран бүтээлч гэдгээрээ онцлог. Тэрээр In Media A&D агентлагт харьяалагддаг Megamax хамтлагийн гишүүн бөгөөд хамтлагийнх нь анхны уран бүтээл “Painted Love” нэртэй дуу нь саяхан сонсогчдын хүртээл болжээ.

Загвар өмсөгч Г.Амарболд – Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгос улсын соёл урлаг манай улсад төдийгүй дэлхий нийтэд хүчтэй нөлөөлөх болсон. Тус улсын хамгийн том дөрвөн энтертайментын нэг болох YG энтертайменттай моделын гэрээг Г.Амарболд гэх Монгол залуу байгуулж чадсан юм. БНСУ-ын “Korea National University of Arts”-д жүжигчин мэргэжлээр сурдаг тэрбээр “YG Kplus” загварын агентлагтай моделын гэрээ байгуулан ажиллаж буй. Цаашид жүжигчин мэргэжлээрээ урлагийн салбарт хүч үзэхээр зорьж буй юм.

Дуучин Uranus буюу Ө.Уянга – Орчин үеийн залуусын дунд нэр хүндтэй залуу уран бүтээлч бол Uranus нэрээр олонд танигдсан Ө.Уянга билээ. Солонгос улсад суралцаж байхдаа олон тэмцээн уралдаанд оролцож өөрийгөө сорьсон тэрбээр “К-поп” урлагт хөл тавьж, “Signhere” хэмээх шинэ уран бүтээлч шалгаруулах тэмцээнд оролцон 10 мянга гаруй залуусаас “Шилдэг 44”-т шалгарсан нэгэн. Анх 2018 онд “Let it be” хэмээх уран бүтээлээ Солонгос хэл дээр гаргасан түүнд гурван ч агентлагаас хамтрах санал ирж байжээ. Тэнгэрийн ван гараг их содон санагддаг тул тайзны нэрээ “Uranus” хэмээн сонгосон аж. Тэрбээр өнгөрөгч оны арван нэгдүгээр сард хоёр ч уран бүтээлээ гаргасан амжилттай залуу уран бүтээлч юм.

Найруулагч Г.Нандин-Эрдэнэ – Найруулагч Г.Нандин-Эрдэнэ гэх бүсгүй Солонгосын кино урлагт хүч үзэж яваа нэгэн. Тэрбээр БНСУ-ын Үндэсний урлагийн их сургуулийг кино найруулагч мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд Солонгосын төдийгүй Монголын үзэгчдийг байлдан дагуулсан “Crash landing on you” олон ангит киноны Монгол дахь зураг авалтад гар бие оролцон ажиллажээ.

Мөн Солонгосын алдартай жүжигчид болох Song Hey-kyo, Jang Hyuk, Park Seo Joon, Park Min Young гэх зэрэг олон уран бүтээлчидтэй хамтран ажилласан тухайгаа өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Ахлах ангийн сурагч байхдаа Монголын үндэсний олон нийтийн телевизийн шалгаруулалтад оролцож 300 хүүхдээс шалгарснаар “Цоглог” хүүхдийн хөтөлбөрийн “Алим агентлаг” нэвтрүүлгийн сурвалжлагч, хөтлөгчөөр гурван жил ажилласан нэгэн.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button