Болсон Явдал

Айл өрхийг санхүүгийн гачаалд оруулдаг яг жинхэнэ шалтгаанууд нь үнэндээ эдгээр л байдаг …

Энэ нийтлэлийг эхлэхээсээ өмнө нэгэн найзынхаа бага насны дурсамжаас хуваалцъя.

Найз минь ийн ярьсан юм….Аав минь ө.ө.д болж, ээж минь гурван хүүхдээ өсгөх сэтгэлийн хат тэнхээны шалгуурт ганцаараа үлдсэн юм. Тэр хэзээ ч ганцхан ажил хийж байсангүй. Дандаа л хоёр эсвэл гурван ажил зэрэгцүүлэн хийж байж бид гурвыг идэх хоол, өмсөх хувцастай байлгасан юм билээ л дээ.

Намайг дунд сургуульд ордог жил бид нэгэн айлын хашаанд гэрээ барьж буусан минь бидэнд их аз болсон гэж боддог юм. Яагаад гэвэл тэр айлын хүмүүс их сайхан ааш зантайн дээр, бид гурвыг халамжилж, илүү дутуугаа илүүчилдэг, ер нь л бидэнд их сэтгэл тавьдаг хүмүүс байлаа.

Хөөрхий ээж минь биднийг бусдын хүүхдээс дутаахгүй гэсэндээ ядрахаа мэдэхгүй ажилладаг хүн байж. Нэг удаа бидний зуны амралтаар ээж минь бид гурвыг аваад хөдөө аймгуудаар аялахаар шийдсэн юм билээ.

Тухайн үед ээжтэйгээ хүнээс дутахгүй сайхан аялаад ирсэн ч эргээд бодохоор ээж минь биднийг хотын хэдэн байшингаас түр ч гэсэн холдуулж, хөдөө, хотод хүмүүс яаж амьдардаг, шинэ ертөнцийн шинэ мэдрэмжүүдтэй хүүхдүүдээ танилцуулж, нүдийг нь нээх гэж өөрийнхөө хэмжээнд оролдсон нь тэр байж.

Ааваас минь үлдсэн хуучин муу Эксел машинаар бид холын замд гарсансан. Харин тэр аялал одоо ч миний сэтгэлд юу юунаас илүү өег дулаан мэдрэмж төрүүлдэг юм. Аавын төрсөн нутаг Хэнтий аймгийн төвд очиход манай машин асдаггүй, эвдэрчихсэн. Машинаа засуулах гэж ойрын засварчдад хандахад өнөөдүүл нь бараг л өнөөх машины дайны өртөг гарна гэдгийг хэлжээ. Машинаа засуулна гэвэл долоо хоног хүлээх бөгөөд хамаг мөнгөө машиндаа зарцуулах болохоор хонох айлгүй хөөрхий бид хүний газар, гүний хошуунд зутрах байлаа.

Аавын үлдээсэн жаахан мөнгөн дээр нэмсээр овоо болгож байсан хадгаламжаа ээж минь тэгэхэд хуурайлж, шинэ машин худалдан авсан байдаг. Бидний хувьд шинэ машин хараад баярлаж байсан ч муу ээжийгээ ямар их ачаа нуруун дээрээ нэмж үүрснийг бодох сөхөөгүй бага байж дээ.

Амралтын гэрэл зургууд, бөөн бөөн хөгжилтэй дурсамжууд бидэнд үлдсэн ч үнэндээ хөдөө амрах төлөвлөгөө маань хуримтлалаа сэгсрэх гэнэтийн явдал болон эргэж, хэдхэн долоо хоногийн дараа ээж минь өнөөх л төгсгөлгүй их ажлаа хийж эхэлсэн юм даа.

Гэсэн ч бид одоо ч энэ тухай дахин дахин ярьж инээлдэх дуртай. Нялх, нойтон бид гурвыг өсгөх гэж ээж минь гэрт эм, гадаа эр болж явсныг нь бодохоор одоо бид ээждээ туслахгүй л бол, ээжийгээ халамжлахгүй л бол маш том зүйл буруу хийгээд байгаа юм шиг санагдаад болдоггүй. Тийм болохоор ээж минь одоо хүнээс дутахааргүй сайхан эмэгтэй.

 

Найзынх шиг минь ийм гунигтай дурсамжтай гэр бүл ганцаар тогтохгүй. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр, гэнэтийн аливаа зардал ямар ч гэр бүлийн мөнгөний авдрыг “хуйхалж” орхидог гэдгийг ойлгуулах гэсэн юм.

Саяхан санхүүгийн судалгаа, мэдээллийн JPMorgan Chase хүрээлэнгээс гаргасан нэгэн тайланд гэр бүлүүдэд яагаад сар бүрийнхээ зардлыг тооцоход хэцүү бэрх байдаг талаар сонирхолтой нийтлэл хэвлэгдсэн байлаа. Үүнийг уншигч ээжүүдтэйгээ хуваалцахаар шийдсэнээ хүргэе.

Үндсэн зардлууд хэзээ ч буцаж ирдэггүй, үргэлж шулуунаараа нэмэгддэг

Та ажилдаа явахдаа унаанд суух, автобусны картаа цэнэглэх зэргээр үргэлж зардал гаргаж байдаг. Орлогоосоо бага зардалтай хүмүүс үлдсэн мөнгөө шууд л хадгалдаг. Үүнийг ойлгоход ядах юмгүй байх. Яагаад гэвэл хүн бүхэн амьдрахын төлөө заавал мөнгө үрж, зардал гаргах хэрэгтэй болж байгаа юм. Үүнийг хүн бүхэн зөвшөөрдөг.

Бас хүмүүс олсноосоо бага мөнгө үрж, өрхийн төсөв хөтлөх нь хамгийн зөв арга гэдгийг мэддэг. Үүнийг хүн бүхэн мэддэг хэрнээ яагаад өрхийн төсөв биднийг санхүүгийн аливаа хямрал, асуудал, бэрхшээлээс аврахгүй байгаа юм бол. Энэ талаар JPMorgan Chase хүрээлэнгийн судалгаанд тун ойлгомжтой тайлбарлажээ.

Тус хүрээлэнгийн тайланд дурдсанаар өрхийн зардал сараас сард дунджаар 30 хувиар хэлбэлзэж байдаг нь дараа дараагийн асуудал урган гарах шалтгаан болдог аж. Ийм болохоор зардлаа төлөвлөхөд маш хэцүү байдаг. Тэгээд ч хүмүүс мөнгөө яг л төлөвлөгөөний дагуу зарцуулж чаддаггүй. Жишээ нь, миний хувьд хүүхдийн хөтөвч хагарвал дахиад л шинийг авах хэрэгцээ намайг тайван суулгахгүй.

Өрхийн зардал сараас сард дунджаар 30 хувиар хэлбэлзэж байдаг нь дараа дараагийн асуудал урган гарах шалтгаан болдог аж

Дээрх судалгаанд дурдсанаар америк айлууд ч бас монголчууд бидэн шиг хөрөнгө, хогшил, эд зүйлс худалдан авах асар их эрэлт хэрэгцээтэй байдаг ч тэдний орлого нийт хэрэгцээнийх нь 90 хувийг л арай ядан санхүүжүүлдэг аж. Үлдсэн 10 хувийг нь бүрдүүлэх гэж магадгүй өр тавих, зээл тавих зэргээр дараа дараагийн асуудал урган гарна.

Судалгаанд олон дахин давтагдсан зүйлсийн нэг бол яах аргагүй эрүүл мэндийн элдэв зардлууд байлаа. Өрхүүд эрүүл мэндийн гэнэтийн зардалд мөнгө хадгалахыг хүсдэг ч тэр бүр чаддаггүй нь эмнэлгийн кассанд мөнгөө үлэмж ихээр үлдээх шалтгаан болсоор байгаа юм.

Өрхийн сарын зардал яагаад, юунаас болж ингэтлээ өсөөд байна вэ?

Харин эцэст нь судлаачид өрхийн сарын зардал яагаад, юунаас болж ингэтлээ өсөөд байна вэ, яагаад хүмүүс хангалттай олдог ч хангалттай хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаагийн шалтгааныг судалгаа. Тэгээд тэд дараахь цөөн хэдэн шалтгааныг илрүүлсэн байна.

 

Нэгдүгээрт, орлогын хэмжээ дандаа өөрчлөлттэй байдаг нь зарлагын байнгын өөрчлөлттэй шүтэлцээтэй байдаг аж. Энэ их энгийн ойлголт л доо. Та бага орлого олсон бол таны зардал адилхан бага л байна. Харин та өндөр орлоготой бол таны зардал бас л өндөр байх нь.

Нэг үгээр та 100 мянган төгрөгийн орлого оллоо гэхэд хүүхдийнхээ дугуйлангийн төлбөр болох 50 мянгыг өгөөд үлдсэнээр нь магадгүй хоол ундны юмаа зохицуулах байх. Харин та 200 мянгын орлоготой бол яаж ийгээд л үүнтэй дүйх цахилгааны төлбөр, дулааны мөнгө гээд зардал гараад л ирнэ.

Өрхүүд ингэж гэнэтийн зардал гаргасны дараа санхүүгийн хувьд эргээд хэвийн болох гэж жилээс илүү хугацаа үрдэг

Үүнийг бүр тодорхой тайлбарлавал, та цалингийнхаа 25 хувийг л хувийн хэрэгцээний зардал болгон гаргаад үлдсэнийг нь хадгалж, хүүхдийн сургалтын төлбөр зэрэгт өгнө гэж төлөвлөж байж. Гэвч та энэ төлөвлөгөөндөө саяхан нээлтээ хийсэн хүүхдийн уран сайхны кино үзэх багачуудынхаа төлөвлөгөөг багтаагаагүй байснаа гэнэт санах нь гарцаагүй. Ингээд л хэтэвчин дэх хэд маань төлөвлөгөөний дагуу хөдөлшгүй замаар урсах биш харин бидний зуршил, хэв маягт илүү захupагдаж байгааг анзаараарай.

Энэ судалгааны маш сонирхолтой нэг зүйл бол өрхийн орлогын хувирамтгай байдал нь ажлаас чөлөө авах эсвэл ажлаас халагдах зэргээс шалтгаалаагүй байгаа юм. Ингээд л энэ жирийн бус үзэгдэл маань эдийн засгийн асар их нугачааг үүсгэдэг гэдгийг бид өдий хүртэл анзаараагүй явжээ.

Тэгвэл хоёрдугаарт, зарлагын өөрчлөлт, хувирамтгай байдалд хамгийн их нөлөөлсөн зүйл нь бидний төлөвлөөгүй томоохон зардал, шokонд оруулах хэмжээний зардлууд, тооцоолоогүй автомашины засвар, эсвэл гэнэтийн өвчин, зoBлон тохиолдоход гаргаж буй зардал байгаа юм. JPMorgan Chase-ий тайланд дурдсанаар “Дундаж болон ахимаг насны 10 гэр бүл тутмын дөрөв нь эрүүл мэндийн үйлчилгээ, авто засвар, элдэв татвар зэрэгт жил бүр 1500 ам.доллараас илүү хэмжээний зардал гаргадаг” гэжээ.

Цаашлаад, судлаачдын дүгнэж буйгаар өрхүүдийн гуравны хоёр нь энэхүү илүүдэл зардлын аль нэгийг заавал гаргахаас аргагүйд хүрдэг давтамж нь гурван жилийн давтамжтай байжээ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, энэ нь л өрхүүдийг төлөвлөгөөгүй өндөр хэмжээний зардал гаргахаас аргагүйд хүрдэг бөгөөд улмаар цаашид үргэлжлэх асуудлын шалтгаан болдог байна.

Харамсалтай нь, өрхүүд ингэж гэнэтийн зардал гаргасны дараа санхүүгийн хувьд эргээд хэвийн болох хугацаа нь 12 сараас илүү хугацааг шаардаж байж. Учир нь тэд энэ хэрэгцээгээ хангахын тулд өндөр хүүтэй зээл авах, ББСБ-уудад хандах зэргээр асар их эрсдэлийг үүрдэг байна.

Орлогын шokоос өөрийгөө хамгаалахын тулд та юу хийх хэрэгтэй гээч…

Хамгийн эхэнд хийх ёстой зүйл бол таныг aюyлд yчpyyлж мэдэх тохиолдлуудыг урьдчилан харах явдал юм. Жишээ нь, машин тань нэг л биш дуугараад байна уу, ходоод гэдэс чинь өвдөөд байна уу, хүүхдүүд ханиад хүрэх гээд байна уу. Эдгээрийг та яг үнэндээ Далай лам шиг далдыг хараад хэлж чадахгүй. Харин үүнийг таамаглаж, эдгээрт бэлдэх нь л хамгийн зөв алхам билээ.

Жишээ нь, надад ирээдүйд гарч болох зардлууд гэвэл хүүхдүүд ханиад хүрвэл эм тариа авах, машины тос масло солиулах, их засварт оруулах, нарийн мэргэжлийн эмчид нөхрөө үзүүлэх зэрэг зардлууд намайг отож байгаа. Эдгээр нь мэдээж магадгүй нэг сая төгрөгөөс буухгүй байх магадлалтай.

Тэгвэл үүнд би яаж бэлэн байх вэ. Гэнэт л хүүхэд өвдөхөд эм тарианы мөнгө хүнээс гуйгаад явах уу, өөрөө өвдвөл хэдэн хамаатнаа, ээж ааваасаа мөнгө гуйх уу. Хэрхэн асуудлаас зөөлөн газардах вэ. Үүний хамгийн тохиромжтой хариулт бол боломжийн хүүтэй, хугацаа урттай хадгаламж банкинд нээгээд орлогынхоо дээж болох тодорхой хувийг тэндээ хадгалж зурших юм. Үүнээс гадна эрүүл мэндийн хувийн даатгалын компаниудад хандах нь улсын эмнэлгүүдэд даатгалаас санхүүжүүлж чаддаггүй зарим эм тариаг авахад их хэрэгтэй юм шиг санагдсан.

Түүнчлэн таныг санхүүгийн зорилгоо хэрэгжүүлэхэд тань туслах, таныг урам зоригоор дэмжих хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлээрэй.

Эцэст нь өрхийн төсвөө хөтлөхдөө гэнэтийн зардлуудаа ч бас нөөцлөх нь илүү амар гэдгийг мэргэжлийн санхүүчид зөвлөдөг юм байна. Та сард 100 мянган төгрөг хадгална гэж тооцсон бол арай илүүг цааш нь хийх хэрэгтэй гэсэн үг юм. Ингэснээр гэнэтийн санаагүй зардал гарч ирэхэд та халаасаа тэмтрэх биш харин нөөцөөсөө гаргаад өгчихнө шүү дээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button