Гуталчин Н.Бүрэн-Өлзий: Ходоод хоосон ч сэтгэл дүүрэн явах нь хамгаас чухал
Н.Бүрэн-Өлзий бол гуталчин. Түүний гутал засдаг умгархан өрөө Баянхошууны Жанцангийн гудамжинд байрладаг. Гутлаа засуулсан хүн ахин үйлчлүүлэх үед тэрбээр хамгийн их баярладаг гэсэн. Халаас хоосон ч амьдралыг баян нүдээр хардаг эгэл гуталчин бүсгүйн ярилцлагыг хүргэе.
ГУТАЛ ЗАСЧ СУРАХЫН ТУЛД ТОЛГОЙТ РУУ НАЙЗЫНХАА ЗАСВАРЫН ГАЗАР РУУ ХОЁР АВТОБУС ДАМЖИЖ ЯВДАГ БАЙВ
-Баянхошуунд амьдраад хэр удаж байна?
-Баянхонгороос анх гурван хүүхэд, нөхрийн хамт хотод ирсэн. Баянхошуунд амьдраад таван жил болж байна.
-Анх хотод ирэхдээ ямар төсөөлөлтэй байв?
-Хөдөөний хүмүүс хотод ирэхээрээ гадаад гарахтай адил бодно шүү дээ. Гэтэл танил талгүй бол үнэхээр хэцүү гэдгийг мэдэрсэн.
-Хөдөөнөөс ирээд яаж харьяалалтай болов. Амаргүй байсан уу?
-Би хөдөөнөөс ирмэгцээ хорооны засаг дарга дээр ороод “Биднийг харьяалалтай болгож өгөөч. Өнөөдөр би нoxoй шиг амьдармааргүй байна. Та бидэнд боломж олгож, загас барих аргыг л заагаад өгчих. Түүнээс биш бидэнд халамж хэрэггүй ээ” хэмээн тусламж хүссэн. Тэрбээр миний саналыг хүлээн зөвшөөрч бидэнд гар татаагүй чадах чинээгээрээ тусалсан.
-Гутал засахыг хэнээс анх сурав?
-Нөхөр, найзаасаа сурсан. Гутал засаад гурван жил болж байна. Би гутал засч сурахын тулд Толгойт руу найзынхаа засварын газар руу автобусаар хоёр дамжиж явдаг байв. Найз минь ажлын хөлсөнд өдрийнхөө орлогын 10 хувийг надад өгнө. Би хэзээ нэгэн цагт найз шигээ гутал засаад сууна даа гэж боддог байсан. 2014 оны эхээр “Аав хайрхан” компанийн ТҮЦ-нд гутал засаж эхэлсэн. Өмнө нь гутал засах байтугай цаасны xyтra яаж барихыг ч мэддэггүй байлаа. Одоо бол гарт орчихсон.
-Найзыгаа дагаж явсаар гуталчин болчихсон юм биш үү?
-Тийм ээ. Бас нөхөр маань гутал засна. Гутал уллаж байгааг нь их ажигладаг байсан.
-Эмэгтэй хүн гутал засна гэхээр их амаргүй санагдах юм?
-Надад хэцүү санагддаггүй. Хийх ажилтай байна гэдэг хамгаас сайхан шүү дээ.
-Засварын тоног төхөөрөмжүүдтэй болоход хэн тусалсан бэ?
-Дэлхийн зөнгийн шугамаар гар урлалын сургалтад сууж байхдаа нэг эгчтэй танилцсан. Түүний төрсөн эгч нь энэ засварын машиныг бэлэглэсэн юм. Бас би банк санхүүгийн байгууллагад ажилладаг ганц сайн найзтай. Тэр минь надад ажлаа эхлүүлэхэд их тусалсан. Надад гурван сая төгрөгийн төсөл бичиж өгсөн бөгөөд сая төгрөгөөр ажлын багаж, төхөөрөмж авах боломж бүрдсэн. Өнөөдөр хүмүүсийн дэмжлэгээр сайхан л явна. Аливааг болох талаас нь өөдрөгөөр харах хэрэгтэй. Надад хэцүү байна гэж барагтай л шантарсангүй. Бэрхшээлийн ард гарчихаад инээж суух нь жаргал шүү дээ.
ГУТЛАА ЗАСУУЛСАН ХҮН ДАХИН ҮЙЛЧЛҮҮЛЭХЭД ХАМГИЙН ИХЭЭР БАЯРЛАДАГ
-Та гутал засвар ажиллуулдаг. Сард түрээсэнд хэдийг төлдөг юм бэ?
-Сарын түрээс, цахилгааны мөнгөндөө сард 150 мянган төгрөгийг төлдөг. Энэ жил орлого их муу байна.
-Өнгөрсөн жилүүдэд орлого гайгүй байсан уу?
-Харьцангуй сайн байсан. Ер нь бидний амьдрал тааруу шүү дээ. Дэлгүүрээс хангалттай мах, төмсөө авч чаддаггүй нь үнэн. Ажлын байр, хашааны түрээс, дөрвийн дөрвөн хүүхдийн цэцэрлэг, сургуулийн зардал, нүүрс, хоол унааны мөнгө гээд л явж өгнө. Хүүхдүүдээ хүссэнээр нь хооллож, өнгөтэйг нь өмсүүлж чадахгүй байна. Өмнө нь өдөрт 20, 30 мянгыг хийчихдэг байсан бол одоо өглөөнөөс орой болтол ажиллаад 20 мянган төгрөг л олж байна.
-Ямар үед орлого сайтай байдаг вэ?
-Цалин, халамжийн мөнгө буух үеэр хүмүүс гутлаа их засуулдаг. Түүнээс бус халаасандаа мөнгөтэй явах хүн цөөхөн. Хөгшчүүл гэхэд тэтгэврээ буух үедээ гутлаа барьчихсан ирдэг юм.
-Гутал засаж байхдаа юунд хамгийн их баярладаг вэ?
-Гутлаа засуулсан хүн дахиад ирж үйлчлүүлэхэд хамгаас их баярладаг. Яагаад гэвэл дахин ирэхдээ гэр бүлийнхнийхээ гутлыг авчирна. “Яаж ийм гоё оёдог юм бэ”, “Ингэж засна гэж бодсонгүй” гээд л урмын үгээр тэтгэдэг. Тэр бүхэн нь мэргэжилдээ улам дурлуулах шалтгаан болдог.
-Ямар ч мөнгөгүй хүн гутлаа засуулахаар хандаж байв уу?
-Хандаж байсан. Хэд хэдэн газраа ханзарсан гутал авчирчихаад өгсөн мөнгөндөө тааруулж гутлаа засуулъя гэж ирж билээ. Тэр үед би хэсэгчилж бус бүхэлд нь засаж өгсөн. Би улаан мөнгөний төлөө улайртлаа зүтгэдэггүй. Ядарсан хүн ирвэл би гутлыг нь засаж өгөөд л гаргадаг. Би хэчнээн ядарсан ч надаас илүү туйлдсан хүнд зориулах сэтгэл надад бий.
ГУРИЛ, ТОСТОЙГОО БАЙХАД ХООСОН ХОНОНО ГЭЖ ҮГҮЙ
-Өнөөдөр амьдрал хэр байна. Олсон хэдээ хоол хүнсэндээ хангалттай хүргэж чадах юм уу?
-Хүнсэндээ голдуу 25 кг гурил, наран цэцгийн тос авдаг. Хүүхдүүддээ амттай юм бараг л авч чаддаггүй. Нэг өдөр тансаглаж байснаас хэдэн өдрийн хүнсээ авчихсан нь дээр биз дээ. Гурил, тос байхад хоосон хононо гэж байхгүй шүү дээ. Гамбир, боорцгоо хайраад идчихнэ. Хааяа тараг, ааруул авч өгнө.
-Хэзээ бүхэл мах чанаж идсэн бэ?
-Ховор шүү дээ. Хааяа мөнгөтэй үедээ нэг кг мах аваад гурван өдөр хуваагаад идчихнэ. Боломжгүй үедээ 2000 төгрөгт тааруулж нэг хэрчим мах аваад гурилтай шөл хийнэ. Ер нь манай хүүхдүүд гурилтай хоол л ихэвчлэн иднэ. Будааг хааяа хэрэглэнэ. Бусад үедээ гамбир, боорцгоо иддэг.
-Айлын хажууд хашаа түрээсэлдэг гэсэн. Сард хэдийг төлдөг вэ?
-Сард 20 мянган төгрөг төлдөг. Биднийг энэ айл хажуудаа байлгаж их харж үздэг юм. Одоо дулаарахаар тусдаа гарна гэж боддог. Хэзээ хашаатай болох юм бэ гэж хүүхдүүд үргэлж асуудаг. Болно доо гэж тайвшруулдаг.
-Түлшиндээ юу түлж байна?
-Нүүрс түлдэг. Өглөө, өдөртөө нэг сайхан галлаж аpваад орой хөнжилдөө орцгооно. Өмнө нь даарахын эрхэнд нялх биетэй байсан учраас дугуй, хуванцар сав гээд түлж болох юу байна бүгдийг хэрэглэдэг байв. Жалганаас сав суулга, тос, маслоны сав түлсэн. Түлэхээс ч аргагүй байв.
-Одоо эндээ дасчихсан биз дээ?
-Амьтан дагаад ирчихсэн болохоор усыг нь уувал ёсыг нь дагана гэгчээр эндээ дасан зохицоод л амьдарч байна. Эргэн тойронд залхуурал их юм уу даа гэж хардаг. Тав алхаад үнсээ асгадаг хүн бараг байхгүй. Хүний урдуур угaaдсаа асгах нь холгүй амьдардаг.
ГЭДЭС ХООСОН Ч СЭТГЭЛЭЭРЭЭ ЦАТГАЛАН ЯВАХ НЬ ЧУХАЛ
-Ажлын хажуугаар амьдралаа зохицуулах хэцүү юу?
-Би гурваас 11 насны дөрвөн хүүхэдтэй. Хоёр нь цэцэрлэгт, хоёрыг нь сургуульд явдаг. Өглөө ажилдаа яваад орой ирнэ. 11 настай охин минь дүү нараа харж өнжинө. Саяхан халамжаас хоёр багыг минь цэцэрлэгт оруулж өгсөн сайхан үйл явдал тохиосон. Хүүхдүүддээ цаг гаргаж ерөөсөө чадахгүй байна. Хүүхдүүддээ анхаарал тавихыг их хичээдэг юм. Тэгээд энд өдрийн хамаг цагийг өнгөрөөдөг болохоор хүүхдүүдээ харьсан эсэхийг нь асууна. Харилаа л гэнэ. Заримдаа үеийнхээ хүүхдүүдтэй ПС тоглоомын төвд суучихсан байна. Тамxuны vнэр нэвчсэн хачин муухай орчин угтана. Тэнд сууж байгаа хүүхдүүд жижиг, том гэлтгүй тамxu татна. Ийм газруудыг хязгаарлаж, хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэх төвүүдийг бий болгох хэрэгтэй.
-Хүүхдийн мөнгөө авч байгаа биз дээ. Юунд зарцуулж байна?
-Авна. Сая орлого муу байсан учраас хүүхдийн мөнгөө түрээсэндээ өгчихсөн.
-Өнөө үед хүмүүсийн харилцаанаас амьдралын ялгааг хэр мэдэрдэг вэ?
-Анзаараад байхад нийгэмд сайн талаасаа илүү муу тал нь дийлэнх болсон юм шиг санагддаг. Баян, ядуугийн ялгaa их. Хүнийг өмсөж зүүснээр нь ялraBapлана. Алгын чинээ хүүхдийг өмссөн хувцсаар нь aдaлдar болчихсон. Тиймээс би хүүхдүүдээ ядуу байж болно, цэвэрхэн байх хэрэгтэй гэж хэлдэг. Би аль болох цэвэрхэн явахыг хичээдэг. Хүнд савангийн мөнгө олддог л байхгүй юу. Хэдэн сав түүгээд тушаахад л олдоно. Ходоод хоосон байж болно. Яагаад цэвэрхэн байж болдоггүй юм. Гэдэс хоосон ч сэтгэлээрээ цатгалан явах нь чухал. Манай нэг найз Гуталчид баян байдаг гээ биз дээ. Чи нэг л куртиктэйгээ явах юм гэж хэлэхэд “Цэвэрхэн яваа нь надад хангалттай” гэж хэлж билээ. Эмэгтэй хүн болсон хойно дотуур хувцсандаа их анхаардаг.
-Хүүхдүүдийн дунд амьдралын ялгаа юугаар илэрч байна?
-Бидний үед хүүхдүүд бие биенээ ялrax, ялraBapлах хандлага харьцангуй бага байлаа. Гэтэл өнөөдөр өсвөр үеийнхэнд амьдралын ялгаа илүүтэй гардаг болчихсон. Хүүхдүүдийнхээ ангийн багштай уулзъя гэхээр зав үнэндээ гарахгүй юм. Хэзээ нэгэн цагт амьдрал сайхан болно. Тэр үед охиндоо бага ачаа үүрүүлнэ гэж боддог.
БИ ШАТНЫ ХАМГИЙН ДОР ЗОГСОЖ БАЙСАН БОЛ ӨНӨӨДӨР ЭХНИЙ АЛХМАА ХИЙЧИХСЭН БАЙНА
-Бэрхшээлийн өмнө өөрийгөө хэр зоригжуулдаг вэ?
-Хүмүүс сайхан амьдраад, ажиллаад байхад би яагаад чаддаггүй юм гэж өөрийгөө хурцалдаг. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд явж байхад энэ хэд маань хүний дайтай болчихно. Нийгэм сайхан болчихоор миний хүүхдүүд улсдаа хэрэгтэй хүн болно гэдэгт итгэдэг. Заримдаа хүнд хэцүү санагдах үе байдаг ч гуниглалаа гээд асуудал шийдэгдэхгүй шүү дээ.
-Юунд хамгийн их баярладаг вэ?
-Цаг гаргаж чаддаггүй ээжийгээ ойлгож мэдэрдэг хүүхдүүддээ хамгийн ихээр баярладаг. Охин минь нэг удаа ээжтэйгээ сэтгэлээ онгойтол ярилцсан. Бид хоёр шөнөжин ярилцаж yйлcaн. Би охиноо ерөөсөө ойлгодоггүй байсан төдийгүй ямар их ачаа үүрүүлдэг байснаа ойлгосон. Одооны хүүхдүүд маш эмзэг бас айхтар болчихсон. Хэдүүлээ энэ зун гүрийж байгаад хашаатай болно шүү л гэнэ. Бас олон хүүхэдтэй айлд тийм хөнгөлөлт үзүүлдэг гэсэн. Та хөөцөлдөөд үзээч л гэнэ. Насанд хүрсэн хүн шиг их хэрсүү. Охиныгоо амьдралд арай л хатуу сургачихав уу даа гэж заримдаа боддог.
-Би бол таныг их баян хүн гэж бодож байна. Та ийм сайхан дөрвөн хүүхэдтэй төдийгүй хийх ажилтай байна. Бас юу юунаас илүү сэтгэлээр дүүрэн байгаа чинь сайхан сэтгэгдэл төрүүллээ?
-Хэцүү амьдралаасаа apxuнд орсон бүсгүйчүүд байдаг. Миний амьдрал жигдрээд ирвэл би бусдадаа тусална гэж боддог. Хүнд хэцүүг тойрч бус дайрч гарсан цаг хугацаа надад бий. Ундааны сав түүж байгаад хэдэн хүүхдээ хооллох үе байсан. Гэхдээ тэр нь надад сургамж болсон. Яагаад гэвэл би чадна, apxu руу гулгаж орохгүй, би амьдралын төлөө зүтгэж байгаа учраас ард нь гарна гэж зүтгэсэн. Түүнээс биш хэцүү байна гээд хүүхдүүдээ сургуулиас нь гаргаагүй. Чадах ядахаараа зүтгэж байна. Ямар ч байсан энэ жилдээ багтаад өөрийн гэсэн ажлын байртай болно гэж бодож байгаа.
-Хүүхдүүдээ хамгийн сүүлд яаж баярлуулсан бэ?
-Зурагттай болгосон. Анх таван ханатай гэртэй л байсан. Харин өнөөдөр бага багаар зорьсондоо хүрч байна. Өмнө нь би шатны хамгийн дор зогсож байсан бол өнөөдөр эхний алхмаа хийчихсэн байна. Ирээдүйд энэ шатаар өгссөөр оргилд нь хүрэх болно.
-Аливааг болж бүтэх талаас нь өөдрөгөөр харж байгаа тань үнэхээр сайхан санагдлаа?
-Болохгүй биш болох талаас нь ярих шиг сайхан зүйл байдаггүй. Яагаад гэвэл мөрөөдөл биелчихсэн байгаа байхгүй юу. Өмнө нь би найз шигээ гуталчин болох юмсан гэж боддог байсан бол өнөөдөр зорьсондоо хүрсэн байна. Цаашдаа ч хүрсээр байх болно.
-Тэгвэл таны мөрөөдөл юу вэ?
-Өөрийн гэсэн ажлын байртай болмоор байна. Энд ирээд хамгийн бага охин минь мэндэлсэн бөгөөд өлгийтэй байхад нь Дэлхийн зөн олон улсын байгууллагад хандаж, Монгол гутлын сургалтад нөхөртэйгөө суусан. Гарц хайвал ямар нэгэн арга, туслах байгууллага байдаг л юм билээ. Би тэднээс хоногийн хоол, түлшгүй байна гэхээс илүүтэй, надад байгаа боломж, аргыг нь заагаад өгөөч гэж хүссэн. Өнөөдөр чадахгүй байсан ч маргааш чадахыг хүсэж байна гэж хэлсэн. Би ирээдүйд гутлын салонтой болж, өөрийн хүссэн Монгол гутлаа хийнэ. Бас нэг мөрөөдөл бий. Би аавыгаа мэддэггүй юм. Хэрэв тэр хүн амьд байдаг бол энэ насандаа уулзах юмсан гэж мөрөөддөг. Хэзээ нэгэн цагт уулзах байх аа.
-Ярилцсанд баярлалаа.