Болсон Явдал

Авдар дээр буй алгын чинээхэн ээжийнхээ зурагруу харвал “ид, ид миний хүү” гээд хошуу нь цорвойх шиг

Ээжтэйгээ хамт аргал түүж байсан хүүхэд нас минь үе үе бодогдоно. Зэрэглээнд далбилзах ээжийгээ хүлээж гэрийн хаяанд сууснаас хамт явсан нь амар байдаг юм. Савраа муухан даах би аргалаа шээзгий давуулж шиддэг байсныг ээж дурсаад инээж байсансан. Унагасан аргалыг миний шээзгийнд түүж хийх мэт насаараа л намайг дагаж алдаа, онооны минь ханзархайг араас минь хөвөрдөж амьдарч дээ…

Нар ээж бид хоёрын дундаас мандаад хэдэн сар болж. Үгүйрэх мэт үгүйлж, ш.а.р.х.л.а.х мэт шаналж өдөр хоногуудыг нэг нэгээр нь барж ядах шиг. Хамт авахуулсан олигтой ганц ч зураггүй мэт.

Гуйлгаж очоод дуулгах юмгүй царайлж хийсэн хоолных нь сул чангыг шүүх төдий иддэг байсандаа. Өргөж асарснаа өөрт байгаа таван цаасаа илүүчилдэгээрээ л бодож явлаа би. Хөөрхий ээж минь насаараа уудалсан авдар дээрээ алгын чинээ зураг болж.

Өдрийн 13 цаг. Эхнэр ирж бууз ид гээд залгаж байна. Ээжийн бууз янзындаа. Өнгөрсөн цагаан сарынх нь бууз онцгой сайхан болсон. Таны бууз яагаад ингэж гоё болоод байна гэхээр “ямар ч хоолыг хүүхдүүддээ зориулж хийхээр тэгдэг юм” гэнэ.

Юм ховор ерээд оны үед ээж мах татах шиг жаргалын амт үгүй. Өнөө орой бууз хийх нь дээ гэж бодохоор аманд шүлс ялгарна. Буузны сургаар хүүхдүүд бидний ажилсаг болох гэж тоймгүй. Яах уу ээжээ юу хийх үү гээд л.

Түлээ оруулахад хүртэл би хэмээн уралдана. Буузны гурил илдэж сурах гэж ээжээс гуйна. Том болохоороо л тусал. Одоохондоо ээж нь өөрөө хийнэ гээд ойртуулахгүй. Төгсгөлд нь нэг, нэг буузны гурил барьчихсан бидэнд хачин зуйван юм илдэх боломж олгоно.

Тэр буузаа өөрсдөө иднэ гэж зүсэлнэ. Гэдсээ х.а.г.а.р.т.а.л идээд үлдсэн буузаа тоолоод бие биенээсээ нуудаг заншилтай. Тэгэхгүй бол өглөө сүүлд боссон нь ах эгч нарт буузаа х.у.л.г.а.й.д алдах өндөр эрсдэлтэй.

Нэг удаа өдөр дургүй хүргээд байсан дүүг буузаа хаана нуухыг сэм ажиглаад л байлаа. Орны доогуур цаасан хайрцагны ард хийх шиг болов. Шөнө сэмээрхэн босоод буузнаас нь гурвыг аваад үлдсэн хэдийг нь үүрмэглэж асгаад аягыг нь бөөрөлдүүлээд тавьчхав.

Өглөө уйлаан, майлаан хадаад л явчихлаа. Дүү миний бууз алга гээд л тэрүүгээр нэг үймээн. Холбооны мөрдөх товчоо /ах эгч нар / намайг хардаж буй нь илт. Би унтаж буй мэт нүдээ аниад л хэвтээд байлаа.

Х.э.р.г.и.й.н газрын үзлэгээр уг буузыг хулгана идсэн байх магадлалтай гэсэн таамаг гарав. Аяга нь бөөрөлдсөн, үүрмэглэсэн бууз байхаар аргагүй л дээ. Арай ч миний хүү дүүгийнхээ буузыг идэхгүй ээ гээд ээж намайг өмөөрнө

Аав “манайх хулганатай болчхож айлаас муур олж ирье” гээд л. Би тэгж л чимээгүй т.ү.й.в.э.э.д.э.г байсан даа. Нэг удаа дүүгийн нуусан буузных нь ёроолыг цоолж махыг нь идээд оронд нь тэмээний хоргол хийж байгаад үйлдэл дээр баригдаж том ц.э..э.р.л.э.л хүлээснээс хойш сайхан засарсандаа би.

Хичээл амарсан тул хүүхдүүд гэртээ байгаа. Ганц, ганц зайрмаг аваад орохоос. Эхнэр хөлдөөгчийнхөө махыг янзалж байгаад ёроолоос нь хэдэн бууз олсноо жигнэж байгаа л гэж байна. Хүүхдүүд би хоёрыг иднэ, би нэгийг иднэ гээд л шулганалдах.

Бид бага байхдаа их идэх гэж маргалддаг байсан бол одоо хүүхдүүд бага идэх тухай л ярьдаг болж. Яаж эд нарт олигтойхон хоол идүүлж сургая даа. Чи өөрөө хоолны өмнө зайрмаг авч ирэхээ боль гээд эхнэр зэ.м.л.э.н.э. За хоолоо сайн идсэн хүүхдэд аав нь зайрмаг өгнөө.

Тавган дээр тарган хонь лугаа том том буузнууд гарч ирэв. Яасан сайхан бууз вэ? Манай эхнэр чинь буузанд төгсөрч байгаа юм биш үү? Сайн амталдаа. Миний бууз биш ээ. Айн хэний бууз байхав тэгээд!!!

Хоёр дахь буузаа хазахад ээж минь гэнэт бодогдоод явчхав. Энэ ээжийн бууз шиг амттай байх юм. Арай ээжийн бууз… Тийм ээ ээжийн бууз. Цагаан сарын дараа манайд хэдэн бууз өгсөн нь хөлдөөгчинд байж.

Хөөрхий ээж минь. Хүүгээ яаруу сандруу ороод гарахад үүдэнд зогсоож байгаад авчирж өгсөн цэнхэр тортой хэдэн бууз байх нь. Насаараа идэж дуусгаагүй ээжийн минь бууз өөрийг нь байхгүй болсон хойно ч хүүгээ цатгаж л байдаг.

Ааваа та яагаад у.й.л.а.а.д байгаа юм бэ? Хэзээ аав нь у.й.л.ж. байсан юм. Хоолоо ид миний хүүхдүүд. Ааваа, ааваа та у.й.л.с.ан ш дээ ааваа… Авдар дээр буй алгын чинээхэн ээжийнхээ зурагруу харвал “ид, ид миний хүү” гээд хошуу нь цорвойх шиг. Үүрд амьдардаг мэт бүх сайхан ээжүүддээ зориулав.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button