Сонин Хачин

Нөхрийнхөө хүчирхийллийг тэвчээгүй бүсгүй 15 давхраас үсэрч, 4 хүүхэд нь өнчирч үлджээ

“Элизабет” хотхонд гарсан ХЭРЭГ: Нөхрийнхөө дарамт, хүчирхийллийг тэвчээгүй бүсгүй 15 давхраас үсэрч, дөрвөн хүүхэд нь өнчирч үлджээ

Цар тахлын үед буюу 2021 оны гуравдугаар сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Элизабет” хотхоны 15 давхраас нэгэн эмэгтэй унаж, нас барсан харамсалтай хэрэг гарч байв. Тухайн үед манай сайтын сурвалжлах баг тус хэргийн талаар эх сурвалжуудаас мэдээлэл авч, нөхөр нь эхнэрийгээ үхэлд хүргэх хүртэл нь дарамталдаг байсныг бичиж байсан билээ. Мөн цагдаагийн газраас түүний хэрэгт нөхөр Б-г нь сэжиглэж, холбогдуулан шалгаж, талийгаач А.С-ийг удаа дараагийн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа хорлохоос өөр аргагүй байдалд орсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэдгийг олон нийтэд мэдээлж байсан юм. Бид гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус хэргийн хавтас хэргийг хүргэж байна.

Холбогдсон хэргийн талаар

Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох А.Саранг байнга хүчирхийлж, айлган сүрдүүлсний улмаас А.Саран нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элизабет хотхоны 220 дугаар байрны дээврээс үсэрч амиа хорлох гарцаагүй байдалд хүргэсэн гэмт хэрэгт холбогджээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н: “Би амь хохирогч А.Сарангийн төрсөн дүү. Шүүгдэгч …. миний эгчтэй 2016 оноос эхлэн хамтран амьдарсан. Хоёр бага хүүхдийнх нь төрсөн ээж. Миний эгч С БНХАУ-д бакалаврын зэрэг, Санхүү Эдийн засгийн дээд сургуульд магистрын зэрэг хамгаалж Хаан банкинд 2004 оноос хойш таван албан тушаал дэвшиж ажилласан. Миний эгчийг жирэмсэн байхад “дэлбэртэл” нь зодсон байхтай нь би таарсан. Тэгээд цагдаа дуудаж, эгчийгээ эмнэлэгт хүргэж байсан. Б нь миний эгчид сэтгэл санааны дарамт, доромжлол, бие махбодын болон эдийн засгийн хүчирхийллийг үзүүлдэг байсан. Миний эгчид Б-ээс өөр дарамт байгаагүй. Би тэрийг баттай хэлж чадна. Батсүлд худалч, хэзээ ч хэлсэн амандаа хүрдэггүй. Бид нар амьдралыг нь дэмжих гэж маш их хичээсэн. Ээж минь байраа өгөөд амьдруулж үзсэн. Хоёр ч удаа машин авч өгсөн. Тэр ажил хийдэггүй, архи уудаг. Эгчийг минь зодож тамладаг, маш их доромжилдог. Эгч минь хүний муутай учирсан учраас өөрийгөө золиослоод үр хүүхдээ, ээжийгээ, бүх хайртай хүмүүсээ орхиод хорвоогоос явсан. Би Б-г гэмшиж байна гэж бодохгүй байна. Гэмшиж байгаа хүн ийм зүйл ярьдаггүй юм. Бид маш их шоконд орсон. Хохирол төлбөрийн хувьд бид байгаа баримтуудаа нийлүүлээд 16.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. 2-16 насны дөрвөн хүүхдийг сэтгэл заслын эмчилгээнд явуулсан” гэв.

Гэрч С.О: “Талийгаач над руу фейсбүүк чатаар зураг, бичлэг явуулдаг байсан. Найзынх нь нүд ийм болсон, гараа ингэчихлээ, Б намайг зодоод одонгоо авч чадаагүй гэсэн. Өмнө нь тэр найзыг минь хоёр хүүхэд өөр өөр дээл өмсүүлж, ялгалаа гэж зодсон гэсэн. Найзыгаа Б гэх хүнтэй амьдраад ямар нэгэн байдлаар жаргаж байсныг нь би санахгүй байна. Хамт хэдхэн удаа уулзахад мессеж бичиж байгаа нь, мөн бид хэд аяга хоол идээд суухад хоёр үг солиулахгүй байнга залгадаг. Сүүлдээ гадаа ирсэн байна гэхээр тайван сууж чаддаггүй. Талийгаач гар утсаа унтраадаг болсон. Гар утас руу залгахаар холбогддоггүй. Арай хийж нэг юм холбогдохоор С яриад байна, ажил руу залгаад байна, ажлын хамт олны дунд намайг нэр хүндгүй болгож байна. Хүүхдүүдээ хүртэл зоддог. Тэр найзыг минь өдөр шөнөгүй, завсар зайгүй дарамталдаг байсан гэжээ.

Насанд хүрээгүй гэрч С.Х: “2016 онд манай ээж Б-тэй танилцаж байсан. Б манай ээжийг маш их зоддог байсан. Ээж минь биднийг өнчин өсгөхгүй гэсэндээ бүгдийг тэвчдэг байсан. Би гурван дүүтэй. Ээж минь Б-д зодуулчхаад “Зүгээр ээ, ээж нь яах ч үгүй, миний хүүхдүүд харж болохгүй шүү” гэдэг байсан. Тэгэхэд нь би гурван дүүгээ аваад өрөөндөө ордог байсан. 2019 онд би 15 нас хүрсэн. Ялт ч үгүй миний ээжийг нүдний урд зодож байхад нь тэсээгүй. Б-г “Боль” гэхэд миний хоолойг боомилж, аяга шидэж, намайг зүсэж байсан. Б манай гэрийг бусниулж, их зүйлс хулгайлж байсан. Тэр явдлаас хойш хөөж явуулсан. Ээж рүү минь үргэлж ярьж, ажлын газарт нь очиж хүртэл дарамталдаг байсан. Манай бага эгч Б-г  цагдаа дуудаж өгсөн. Ээж би дарамт шахалтыг үнэхээр тэвчиж чадахгүй нь гэж байсан. Ажлаа тараад гарч ирэхэд нь хүртэл Б ажлынх нь гадаа хүлээж байгаад дагаж яваад, ээж машины араар нуугдаж байгаад гэртээ ирсэн гэж байсан. Тэр явдлаас хойш эмээ, ээж, эгч нар луу “Танайхыг сүйрүүлнэ, гэрийг чинь шатаана, бүх юмыг чинь шатаана” гэж дарамталж, удаа дараа сүрдүүлж байсан. Манай машиныг хулгайлж байсан. Архи ууж, агсам согтуу тавина. Тэгэхэд манай 3 дүү болон бид нарт үнэхээр хэцүү байсан. Одоо хүртэл миний дүү нарын уйлж байгаа болон ээжийн минь өрөвдөлтэйгөөр харж байгаа харц байнга харагддаг” гэсэн байна.

Эд мөрийн баримтаар тооцсон талийгаач А.С-гийн гэрээслэл: Би 1982 оны долдугаар сарын 27-нд төрсөн. 2021 оны гуравдугаар сарын 9-нд амиа хорлох шийдвэр гаргасан. Миний дөрвөн сайхан үр болон ажил мэргэжил минь уучлаарай. Хайртай ээж минь уучлаарай. Таны минь хугарч, нугаршгүй тэмцэж бүтээсэн би нь сөхөрч уналаа. Дөрвөн хүүхдээ танд үлдээлээ. Б-ийн хоёр хүүхдийг  өөрт нь өгнө биз. Б-ийн энэ их дарамтыг үүрч дийлшгүй. Х-ын сургалтын төлбөр 1.6 сая төгрөг дутуу байна. Үрс минь уучлаарай. Ээж минь уучлаарай. Сайхан дүү нар минь уучлаарай. Намайг таньдаг бүхэн минь уучлаарай” гэжээ.

Гэрч Т.У-ын мэдүүлэг:  “…12 давхар луу хараад явж байхад өөдөөс ирж байсан нэг ах гараараа хол зайнаас тухайн хүнийг зааж өгсөн. Би харахад 220 дугаар байрны хотхон тал руу харсан дээврийн цонхны тавцан дээр эмэгтэй хүн ганцаараа зогсож байхыг хараад бид хоёр “Хөөе болиоч ээ буцаад орооч” гэж орилсны дараа тухайн эмэгтэй шууд доошоо үсэрсэн. Тухайн өрөө болон өрөөний гадна талд хяналтын камер байхгүй” гэх.

Гэрч Л.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “… Саран эгчийг ажилд орсон үеэс салсан нөхөр С нь ажлын утас руу залгадаг байсан. Гар утсаа авахгүй байхаар өөрийнх нь 70075054 дугаар луу залгадаг байсан. Нэг удаа манай банкаар үйлчлүүлж байсан иргэн С эгчид гомдол гаргаж байсан бөгөөд тэр үйлчлүүлэгчийн надад хэлснээр зээлийн асуудлыг нь шийдэж өгөхгүйгээр нэг цаг нөхөртэйгөө гар утсаар маргалдсан гэж байсан. Манай ажилчид авахгүй байхаар “Ажилчид чинь утсаа авахгүй байна” гэж  Хаан банкны төв салбарт гомдол гаргаж байсан” гэжээ.

Гэрч Н.Ч: “Манай найзыг Б жирэмсэн байхад нь зодож, цохиод хавиргыг нь хугалаад хугацаанаасаа өмнө төрж байсан. Үүнээс хойш нуруу өвдөөд байна гэж ярьдаг болсон. Энэ талаараа цагдаагийн байгууллагад гомдол гаргаад эрүүгийн хэрэг үүсээд торгуулийн ял аваад манай найз торгуулийн мөнгийг нь төлсөн гэж байсан. 2020 оны зун дотны найзуудаараа уулзахад талийгаач найз маань Б-д зодуулсны улмаас 4-5 шүдээ унагаасан. Тийм учраас юм идэхэд хүндрэлтэй байна. Найз нь хиймэл шүд хийлгэдэг юм бил үү гэж ярьж байсан. Бид нар найзуудаараа нийлээд талийгаач найзынхаа төрсөн өдрөөр монетон бөгж бэлэглэж байсан. Сүүлд уулзахад бид нарын өгсөн монетон бөгжийг яагаад зүүгээгүй талаар асуухад Б ломбардад тавиад, архи уучихсан гэж байсан. 2020 оны сүүлээр манай найз нуруу нь өвдөөд байна гээд хоёр удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Б нь ажил хийдэггүй байсан ба манай талийгаач найз тэжээдэг байсан. Найз маань бага хүүхдээ төрүүлээд гэртээ суудаг байхдаа бид нар луу залгаад 10.000, 20.000 төгрөг зээлээч  Б архи, тамхины мөнгөгүй болчихлоо гээд дарамтлаад байна гэдэг байсан” гэжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Чулуунсүх: “Талийгаач А.С-ийн цогцост баруун 1, 2, зүүн талын бүх хавирганы хугарал, гялтанд цус хуралт, зүүн уушгины дээд, доод дэлбэнгийн ар хэсгийн язарсан шарх, цус хуралт, хоёр талын цээжний гялтан хальсанд цус хуралт, цээжний хөндийн цусан хураа, үнхэлцэг хальс, зүрхний язарсан урагдал, гол судас тасрал, голтод цус хуралт,  сээрний 1, 2-р нугалмын их биеийн салсан хугарал,  нугас, холбоос тасрал, элэгний баруун, зүүн дэлбэнгийн язрал, дэлүүний язрал, бөөрний язрал, гялтан хальсанд цус хуралт, хэвлийн хөндийн цусан хураа, баруун шаант, тахилзуур, зүүн бугалга ясны далд хугарал, дагзны хуйханд цус хуралт, цээж, хүзүү, эрүү, зүүн ташаа, нуруу, хэвлий, баруун хацар, хамар, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь өндрөөс унах үед, нас барсан тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн ходоодонд 200 мл орчим хоолны өтгөн агууламжтай байна. Талийгаачаас авсан дээжид спиртийн агууламж болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл илэрсэнгүй” гэжээ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б-д долоон жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхэд эргэлзээтэй, хохирол төлөөгүй, төлөхөө илэрхийлсэн бодитой биш тул улсын яллагчийн саналаас багасгахгүйгээр ял шийтгэл оногдуулах санал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугаа зөвшөөрсөн, хохирол төлөхөө илэрхийлсэн, өндөр настай өвчтэй ээжтэй, ээжийг нь харж асрах хүнгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хөнгөн ял шийтгэл оногдуулах санал гаргажээ.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Б-д шүүхээс оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас хоёр жилийг хасаж, эдлэх ялыг дөрвөн жилийн хугацаагаар тогтоожээ. Шүүгдэгч Б-ийн энэ хэрэгт 48 цаг баривчлагдсан болон 2021 оны долдугаар сарын 8-ны өдрөөс цагдан хоригдсон нийт 12 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцохоор болжээ.

Эх сурвалж: Ergelt.mn

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button