Чинагийн Галсан: Өөртөө босгосон хөшөө минь, миний тарьсан мод. 1 сая мод өөрийн хөрөнгөөрөө тарьсан агуу зохиолч
МУСГЗ, Германы Ерөнхийлөгчийн загалмай хас одонт, зохиолч Чинагийн Галсан гуаг танихгүй хүн үгүй бизээ. Түүнийг ямар мундаг, ухаантай, үйл хэрэг хийснийг нь олон түмэн сайн мэдэх.
Түүний ингэж их мод тарих болсон шалтгааны талаар тэрээр ийнхүү хэлжээ. Дэлхий дээр их олон мод тарьсан хүн байдаг. Миний үлгэр жишээ хүн бол дэлхийн Энх тайвны шагналт Вангари Матай юм. Тэр хүн хоёр жилийн өмнө бурханы орон руу явсан. Тэр хүн Африк тивд 35 сая мод тарьж үлдээсэн байгаа юм.
Миний хувьд анх сая мод тарина гэж өөртөө амлах том зүйл мэт санагдсан. Мэдээж их том амлалт байсан л даа. Манайхан Улаанбаатар хотын эргэн тойронд, байсхийгээд мод тарьдаг. Миний мэдэхийн нийслэлийн ойролцоо Зуун мод нэртэй дөрвөн ч газар бий. Тэдгээр газарт тарьсан модыг тоолж үзсэн чинь 100 хүрдэггүй юм билээ. Дээд тал нь 80-90 модтой. Тэдгээр моднууд зун цэцэглэсэн байхдаа монгол хүний нүдэнд жигтэйхэн сайхан ой болж харагддаг.
Харин мод ихтэй европ тивийнхэн бидний хэлээд байгаа ойг төгөл л гэж хэлнэ. Хэдий тийм ч бид монгол ухаанаар 100 модыг нэг ой гэж ойлгодог шүү дээ. Энэ ойлголтоор миний тарих сая мод арван мянган ой болох юм. Тэгэхээр би өөрийнхөө хөрөнгөөр эх орондоо арван мянган ой буюу нэг сая мод тарина. Тарьсан модоо байнга эргэж тойрдог. Үнэндээ мод бол үржих хөрөнгө юм. Зуун жилийн дараа би байхгүй ч миний тарьсан моднууд үлдэнэ. Тэр үед энэ модыг 100 жилийн өмнө нэг зохиолч тарьсан гэнэ лээ хэмээн дурсах байлгүй.
Тэрээр маш их хэмжээний мөнгийг өөрөөсөө гаргаж мод тарьдаг бөгөөд бүх суулгац, арчилгааны мөнгийг хувиасаа гаргадаг байв. Орлогынхоо эх үүсвэрийн талаар тэрээр ийнхүү хэлж байжээ.
Би өнгөрсөн хугацаанд 40 ном бичсэн. Миний 34 ном герман хэлээр хэвлэгдсэн. Монгол хэл дээр хэвлэгдсэн зургаан номтой. Мөн гурван ч роман маань англи хэл дээр орчуулагдаж, АНУ, Канадад хэвлэгдлээ. Дээр нь франц хэлээр ес, испани, итали, еврейчүүдийн хэлээр хүртэл ном маань хэвлэгдсэн байгаа. Энэ мэтчилэн надад номын мөнгө байна. Энэ бол бага хэсэг нь. Би гадаадад байхдаа энд, тэнд очиж лекц уншдаг. Олдог мөнгөний маань дийлэнх хувь үүнээс л бүрддэг юм.
Тэрээр хэлэхдээ: Өөртөө босгосон хөшөө минь, миний тарьсан мод. Одоогоор 1 сая руу дөхөж байна. Магадгүй 100 жилийн дараа нэгэн жаал хүү, аав, ээжээсээ “Тэр их ногоон ой хэзээ бий болсон бэ, байсан юмуу, ургуулсан юм уу” гэж асуувал:
Тэр үед түүх мэддэг нэгэн нь “Үгүй дээ хүү минь, энэ их мод байгаагүй юм. 100 жилийн өмнө нэгэн зохиолч байсан юм. Тэр хүн өөрийн хөрөнгөөр эх орондоо 1 сая мод тарих ажил санаачлаад олсон бүх мөнгөө МОД болгосон юм. Тэрээр тарьсан модуудаа МИНИЙ ХӨШӨӨ гэж хэлжээ. Энэ их ой модыг бүтээсэн хүнд бид талархах учиртай” гэж ярих болно. Мод тарьсан ачлалыг минь санан сүү цайныхаа дээжээ миний сүнсэнд өргөвөл би тэнгэрээс хараад баярлана. Бид богино настай, мод урт настай юм шүү. Миний хүүхдүүд мод тарьж байгаарай.