Сонин Хачин

Д.Түвшинтөр: Хань минь 24 жил ханилахдаа нэг ч удаа надад гомдоллож, aм зөрж үзээгүй …

Д.Түвшинтөр: ГЭР БҮЛДЭЭ ЦАГ ГАРГАДАГ, ХАЛАМЖТАЙ ААВ, ХАНЬ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ БОДДОГ

-Урлагийн хүн үргэлж цаг наргүй байдаг, гэр бүлдээ төдийлөн хангалттай цаг гаргаж амждаггүй гэдэг. Коронавирусийн халдварын улмаас соёл, урлагийн арга, хэмжээ, тоглолтыг түр зогсоогоод багагүй удаж байна. Энэ нь гэр бүлдээ хүссэн үедээ цаг гаргах боломж танд олгов уу?

-Нэг талаараа тийм. Аан, нөгөө талаараа би өөрийгөө гэр бүлдээ сайн цаг гаргадаг, халамжтай аав, хань гэж боддог. Хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх, авахаас авхуулаад эцгийнхээ үүргийг заавал гүйцэтгэдэг. Гэр бүлдээ хүссэн үедээ цаг гаргана гэдэг ондоо л доо. Тийм сайхан амьдралын хэмнэлийг ойрын өдрүүдэд ёстой утгаар нь мэдэрч байна. Теле хичээлээ хийж байгаа юу, даалгавраа хийсэн үү гэж шалгаад, багштай нь холбоо барьдаг. Өмнө нь хүссэн үедээ тэгж чаддаггүй байсан шүү. Ажил ихтэй, хүссэн үедээ ханьдаа, хүүхдүүддээ цаг гаргаж амжихгүй байх хэцүү. Шинэ жил, Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Цэргийн баяр, хүүхдийн баяр гээд томоохон баяруудаар тоглолттой, завгүй. За, тэгээд хөдөө орон нутгаар олон хоногоор тоглоно. Тэр бүхэнд хань минь миний арыг даадаг, бүх юмыг зохицуулдаг.

-Хань нь “Бэлтгэл, тоглолт гээд гэртээ байхаасаа байхгүй нь их юм” гээд гомдоллодог уу?

-Бид хоёр багадаа, намайг оюутан ч болоогүй байхад суусан шүү дээ. Ханьтайгаа гал голомтоо бадраагаад 24 жил болж байна. Цаг хугацаа их хурдан өнгөрөх юм аа. Одоо битгий хэл дөнгөж туурга тусгаарлаад байхад ч хань минь надад тэгж гомдоллож, ямар нэгэн үл ойлголцол гарч байгаагүй. Намайг үргэлж түшиж, тулан, дэмжсээр өдий хүрсэн.

–Танайх хэдэн хүүхэдтэй билээ?

-Гурван хүүтэй. Том хүү маань энэ жил их сургууль төгсөнө. Дунд хүү минь эмч болно гэдэг.

ТОМ ХҮҮ МИНЬ ЖҮЖИГЧНИЙ МЭРГЭЖЛЭЭР СУРДАГ, ЭНЭ ЖИЛ ТӨГСӨНӨ

-Ууган хүү тань аавынхаа үргэлжлэл болж, жүжигчин мэргэжил эзэмшиж байгаа юм билээ. Хүүгээ таны мэргэжлээр сурахад нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Үнэнийг хэлэхэд эсэргүүцсэн. Ээж нь дэмжсэн. Урлагийн хүн гэр бүлдээ цаг гаргаж амждаггүй, нэг уран бүтээл гаргахын тулд олон өдөр нойртой нойргүй, хоолтой хоолгүй хөдөлмөрлөдөг шүү дээ. Өглөө 09.00 цагт ирээд, орой 18.00 цагт тардаг оффисын ажил хэчнээн амар гэж санана. Тиймээс хүүгээ жүжигчнээс өөр мэргэжил эзэмшээсэй гэж хүссэн юм.

–Үүнийгээ хүүдээ хэлэхэд юу гэв?

-Би хүүдээ хэлээгүй. Зүгээр л дотроо бодоод өнгөрсөн юм. Хүн өөрийнхөө хүссэн, сонирхдог зүйлээ хийх хамгийн сайхан. Дуртай ажлаа илүү урамтай, эрч хүчтэй хийдэг шүү дээ. Тиймээс би хүүгийнхээ сонирхлыг нь хүндэтгээд хэлээгүй юм. Би уг нь сургууль дээр нь очоод таньдаг багш нартаа хэлээд шалгалтанд нь тэнцүүлэхгүй байя гэж хүртэл бодсон шүү (инээв).

–Хүү нь урлагийн аль төрлийг сонирхож байгаа вэ. Аав шигээ хошин урлагийн жүжигчин больё гэдэг үү?

-Мэдэхгүй.

-Энэ талаар та хүүтэйгээ ярилцаж байгаагүй гэж үү?

-Тийм ээ. Энэ талаар хүүтэйгээ ёстой ярилцаж байгаагүй. Амьдрал дээр эрэгтэй хүүхэд ээжтэйгээ түлхүү ярилцдаг, нарийн ширийн зүйлээ хэлдэг. Эмэгтэй хүүхэд аавдаа илүү амь байдаг шүү дээ. Чи ч гэсэн ээжтэйгээ илүү ярилцдаг байх, тийм үү?

–Тийм ээ.

-Төгсөөд драмын, дэлгэцийн, хошин урлагийн жүжигчин болохоо хүү минь өөрөө л шийднэ. Миний бус хүүгийн минь амьдрал учраас тэр. Юу юунаас илүү өөрийнх нь хүсэл сонирхол чухал. Тиймээс өөрийнх нь л сонголт бүхнийг шийднэ.

ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮСЭЖ, МӨРӨӨДӨЖ БАЙГААД ЖҮЖИГЧИН БОЛСОН

–Та ажлын гараагаа “Х ТҮЦ”–ээс эхлүүлж, тэндээс жигүүрээ дэлгэсэн жүжигчин. Энэ мэргэжлийг сонгох нь таны багын мөрөөдөл байв уу?

-Тийм ээ. Чин сэтгэлээсээ зорьж, хүсэж байгаад жүжигчин болсон юм шүү дээ. Намайг урлагийн замд оруулсан хүн нь би өөрөө. Манайхан дотор урлагийн хүн ганц ч байхгүй. Аав маань багш, ээж эмч учраас урлагаас хол. Харин би багаасаа урлагийн хүн болохыг мөрөөдсөөр сургуулиа төгсөн, СУИС-д шалгалт өгөөд, тэнцэж байлаа. Найдаа (Ч.Найдандорж) багш “Хүн дуртай юмандаа амжилт гаргадаг” гэдэг үнэхээр үнэн үг. Үүнийг би өөрийн биеэр мэдэрч, үр шимийг нь үзэж явна. Дургүй юманд хүчгүй гэдэг. Би өөр мэргэжил сонгосон бол сургуулиа дундаас нь орхих ч байсан юм бил үү. Монголчууд хувийн томоохон сургуульд хүүхдээ сургаж, боловсролд нь анхаарч байгаа нь зөв. Гэхдээ хүүхэд нь юунд дуртай, ямар сонирхолтойг нь мэдэх, тэр талаас нь хөгжүүлэх чухал.

–Хүн, хүний амьдралын зам ондоо. Урлагийн аль төрлийг сонгох вэ гэдэг сонголт таны өмнө ирэхэд хэр эргэлзэв?

-Огт эргэлзээгүй. Шууд л хошин урлагийг сонгосон. Манай ангийнхан сургуулиа төгсөөд Драмын театрт орох хүсэлтэй байлаа. Минийх огт тийм байгаагүй, тэр өөр.

–Жүжигчин хүнд анхны тайз, анхны дүр их сайхан дурсамж үлдээдэг юм билээ. Та анх ямар дүр бүтээсэн бэ?

-Үнэнийг хэлэхэд санадаггүй юм аа. Таг мартчихаж. Ямар ч байсан би гуравдугаар дамжаанд сурч байхдаа “Х ТҮЦ” хамтлагийн тоглолтод оролцож эхэлсэн юм. Тухайн үед Дооёо (Ш.Доржсүрэн) ах Германд сурдаг байлаа. Түүнийг байхгүй үед би оронд нь тоглодог байсан юм. Тэгж урлагийн салбарт хөл тавьсан түүхтэй. 2001 онд сургуулиа төгсөөд “Х ТҮЦ” продакшны үндсэн бүрэлдэхүүнд багтаж байлаа.

13 ЖИЛ ХАМТ ЗҮТГЭСЭН “Х ТҮЦ”-ээсээ ӨРХ ТУСГААРЛАХ АМАРГҮЙ БАЙСАН

-Та “Х ТҮЦ”-д 13 жил ажиллан, хамтдаа зүтгэсэн. Урлагт анх хөл тавьсан байгууллагаасаа гарах, өрх тусгаарлах амаргүй байсан нь мэдээж. Тийм шийдвэрийг гаргахад тань юу нөлөөлөв?

-Тухайн үед “Маск”, Мөрөөдлийн театр” байгуулагдчихсан байсан үе л дээ. “Х ТҮЦ”-ээс Батаа “Мөрөөдлийн театр”-т орчихсон, намайг хамтрах уу гэхэд нь би зөвшөөрөөгүй. Тэмка (С.Тэмүүжин), Г.Нарансолонго бид хэд ярилцаж байгаад, туурга тусгаарлахаар шийдэв. Түүнийгээ Онон ах, Одноо эгч хоёрт хэлэх гэж нэлээд юм болсоон. Санаа зовоод, зүрх хүрдэггүй. Тэгж, тэгж байгаад хэлэхэд Одноо эгч “Хэзээ нэгэн цагт ийм шийдвэр гаргах нь тодорхой байсан. Миний дүү нар өндөрт дүүлэн нис. Хамгийн гол нь энд байгаа шигээ чанартай уран бүтээл гаргаарай. Амжилт хүсье” гэж захив. Анхны тоглолтоо хийгээд тэднийгээ урихад “Гоё болжээ. Сайн байна” гэхэд нь их баярласан. Одоо ч гэсэн тэднийхээ итгэлийг алдахгүйг хичээж явдаг.

–И.Одончимэг гавьяат та бүхнийг тэгж цагаан мөрөөр үдсэний өгөөжөөр “Эмоци” уран бүтээлийн ганзага дүүрэн, ажил нь илүү сайхан бүтдэг байх.

-Ёстой тийм шүү. Чи зөв анзаарч. Бид ч бас тэгж бэлгэшээж явдаг юм. Одоогоор манай хамтлаг дунджаар 14 тоглолт хийгээд байна. Үүний сацуу 80 ангитай “Их хотын залуус”, “Гурван найз”, нэг ангит “Гурван найз эргэж ирсэн нь”, “Гурван найз яасан байх нь уу” киног хийсэн. Тэмка бид хоёр “Олон ангит кино хийх сэн” гэж зорьж байлаа. Тэгээд Боловсрол телевизийнхэнтэй уулзав. Тэд бас олон ангит кино хийх гээд, хэнтэй хамтрах вэ гэж байсан юм билээ. Тэгээд хамтрахаар болж, БНСУ-аас зохиолыг нь худалдаж авсан юм. Түүнийгээ Монголынхоо хөрсөнд буулган, найруулсан. Анги бүрт нь өөр, өөр үйл явдал гардаг болохоор үзэгчдийн сонирхлыг бүр их татсан юм билээ.

–“Эмоци” гэдэг нэрийг Та өгсөн гэж дуулсан. Үнэн үү?

-Үнээн. Продакшнаа байгуулахаар болсны дараа ямар нэр өгөх вэ гэж нэлээд ярилцав. Нарансолонго, Тэмка хоёр “Paradise” гээд нэрлэчих үү гэсэн. Диваажин гэдэг утгатай үг л дээ. За тэгтэл нэг нь “Welcome” гэж нэрлэе гэлээ. Тэгж байхад надад “Эмоци” гэдэг нэрний санаа орж ирэв. Хошин урлагийн хамтлагт илүү тохирсон нэр л дээ. Тэгээд продакшнаа “Эмоци” гэж нэрлэсэн юм. Манай хамтлагийн нэр урлагийн тоглолт, найр, наадам, ангийнхны уулзалт гээд бүх зүйлд хэрэглэгддэг. Хүмүүс ямар нэгэн арга хэмжээн дээр, найзуудтайгаа уулзахдаа ч “Манайхаан, гоё эмоцитой байцгаая” гэдэг шүү дээ.

–Тусдаа продакшн байгуулаад, бүхнийг нуруун дээрээ үүрээд явахад нь анхандаа амаргүй байсан нь мэдээж. Хамгийн бэрхшээлтэй зүйл нь юу байв?

-Хүний удирдлаган дор ажиллах, бусдыг манлайлан, удирдаж ажиллах хоорондоо тэнгэр газар, өдөр, шөнө шиг ялгаатай. Өмнө нь цалингаа аваад, юу хийх вэ, яах вэ гэж бодолгүй ажилладаг байв. Гэтэл бүх зүйл нуруун дээр ирэхэд хүн өөрийгөө илүү их дайчилдаг юм билээ. Адаглаад л жүжичдийнхээ цалинг хэрхэн олох вэ, яаж санхүүжүүлэх вэ гээд санаа зовно. Анхны тоглолтоо хийхдээ жүжигчдийнхээ цалинг өгөөд, өөрсдөө нэг ч төгрөггүй зогсож байлаа. Хамгийн гол нь тэр том ажлын ард гарлаа, бид чадлаа гээд зогсоход их сайхан байсан.

БҮТЭЭСЭН ДҮР БҮХЭНДЭЭ ХАЙРТАЙ

–Та амьдрал дээр хэр алиа хошин, бусдыг явуулдаг вэ?

-Их шооч. Зарим жүжигчдийг, намайг хараад яагаад инээгээд байдаг юм бол гэж бодсон л доо. Алдарт Т.Латиф гуай цаанаасаа марзан царайтай, яах аргагүй хошин урлагийн төрхтэй хүн. Энэ мэт олон жүжигчнийг дурдаж болно. Хүмүүс надтай уулзахдаа “Чиний тэр дүр ёстой марзан. Үзэх бүрт элэг хөших шахдаг” гэх нь олонтаа. Дүрээ үзэгчийн сэтгэлд хүртэл амилуулдгийн илрэл юм болов уу. Зарим хүн намайг “Цаанаа нэг инээдтэй царайтай, марзан хүн шүү” гэдэг.

–Бүтээсэн дүрүүдийнхээ алинд нь илүү хайртай вэ?

-Жүжигчдээс сэтгүүлчид ингэж их асуудаг юм билээ. Одноо (И.Одончимэг) эгч “Хүн хүүхдүүдийнхээ аль нэгийг нь онцолж хайрладаггүй. Бүгдэнд нь хайртай. Үүнтэй адил жүжигчин хүний өөр нэгэн хүүхэд бол бүтээсэн нь дүр нь. Тиймээс дүр бүхэндээ хайртай” гэж хэлсэн байдаг. Энэ үгэнд нь би  их дуртай. Зарим дүрдээ арай дутуу ажиллаж, тэгсэн, ингэсэн бол гэж харамсдаг. Тайзны уран бүтээлд түүнийгээ засчихаж болно. Дэлгэцийн уран бүтээлд тэгж болдоггүй нь raчлантай.

Би одоогоор зорилгынхоо  50 хувьд ч хүрээгүй яваа жүжигчин. Дүр гэснээс нэг удаа Дооёо ахтай уулзахад “Single ladies”-ийн нэгдүгээр анги дээр ёстой хөөрхөн тоглосон байна лээ гэсэн.

–Үргэлж шахам “Тэмээн тавхай” гэж хэлдэг, өвгөний дүр.

-Тийм ээ. Тэр киноны зохиолыг манай Миеэгомбо бичсэн юм. Бид хоёр нэг өдөр ярилцаж суув. Энэ боссын дүрийг яаж дүрслэх вэ гэлээ. Тэгэхээр нь би “За, би дүрийнхээ үг, хэллэгэн дээр анхааръя” гэсэн. Киноны зураг авалт эхэллээ. Нэг тийм содон үг хэрэгтэй байлаа. Юу гэж хэлүүлэх вэ гэж их бодсон. Би нэг удаа бөө дээр очиход “Тэмээн тавхай” гэж уулга алдсан юм. Тэгээд л олон өдөр шаналан, хайж байсан үгээ олсон доо.

–Таныг уран бүтээлчийн хувьд эрс өөрчилсөн, нэг шат ахиулсан дүр аль нь вэ?

-“Сэргээш”-ийн цувралууд юм болов уу. Тэдгээр цувралд тоглохдоо би өөрийгөө их эвдсэн, илүү задгай сэтгэдэг болсон.

-Монголын хошин урлагийн өнөөгийн хөгжлийг та хэрхэн дүгнэдэг вэ. “Азтай бадарчин”-г зохион байгуулахаа болсноос харахаар нэг алхам ухарсан юм шиг. Судалгаанаас харахад хошин шогийн тоглолт үзэх үзэгчдийн тоо жилээс жилд буурч буй нь анзаарагдсан.

-Продакшнууд бүх тоглолтоо телевизүүдэд өгч буйтай холбоотой. “За, тоглолт үзэж, мөнгө үрээд яах вэ. Удахгүй хаашдаа зурагтаар гарчих юм чинь гэх бэлэнчлэх сэтгэлгээтэй болгоод байх шиг. Хошин урлаг хөгжиж байгаа. Сүүлийн үед залуус стэнд ап комеди урлагийг их сонирхож байна. Би нэг үзэх сэн гэж бодоод л байгаа. Бид үзэгчдэд яаж сонирхолтой үзүүлбэр үзүүлэх вэ гэж үргэлж шинэ санаа эрэлхийлж явдаг.

–Ямар үед танд шинэ санаа, шинэ шийдэл төрдөг вэ?

-Бүхий л үед. Түүнээс биш дуу сонсож байхад, намуун орчинд энэ тэр гээд онцлох юм байхгүй. Ерөөсөө зохиолын болоод үзүүлбэрийн шинэ санаа амьдралаас урган гардаг шүү дээ. Гурван найзтайгаа уулзлаа гэж бодъё. Тэгэхэд нэг нь “Нээрэн тийм хөгжилтэй юм боллоо” гэж ярихад түүнээс нь санаа авах үе бий. Монголд хошин шогийн мэргэжлийн зохиолч байхгүй. Бичдэг хэд нь бидэн шиг мэдэрч чадахгүй байгаа нь харамсалтай. Тиймээс бид үзүүлбэрийн зохиолоо өөрсдөө бичиж, найруулдаг. Кино, жүжгийн зохиолыг ерөнхий санаагаа хэлээд хүнээр бичүүлнэ л дээ.

ТҮҮХЭН КИНОНД ТОГЛОХЫГ ХҮСДЭГ

–Олонх эрэгтэй жүжигчин түүхэнд кинонд тоглон, баатрын дүр бүтээхийг хүсдэг юм билээ. Танд тийм дүр бий юү?

-Байгаа. Түүхэн кинонд тоглож үзэхийг хүсдэг. Бусад төрлийн кинонд тоглоод үзчихсэн. Нээрэн, би “Аравт” кинонд тоглох тун дөхсөн. Бүр тоглохоор болоод үс, сахлаа ургуулчихсан байтал тэр жил санхүүжилт нь гацсан. Дараа жил нь, зураг авалтнаасаа ганцхан сарын өмнө надад хэлэв. Би ганцхан сарын дотор үс, сахлаа ургуулж амжихгүй шүү дээ. Тэгээд тоглож чадаагүй.

–Тоглолтын үеэр хөгжилтэй зүйл их тохиолддог байх. Тийм хөөрхөн дурсамжаасаа хуваалцана уу?

-Өө, ёстой зөндөө. Нэг үзүүлбэрээ 50-60 удаа дараалан тоглохоос заримдаа уйдна. Нэг тоглолтон сахилгагүйтмээр санагдаад болдоггүй ээ. Үзүүлбэр дээр би “Танайх хэдэн давхар вэ” гэж асуугаад “Найман давхар” хэмээн хариулахаар нь “Больё, больё” гэж хариулдаг байхгүй юу. Үсрэхээ больдог гэсэн үг. Гэтэл тэр тоглолтон дээр Тэмка “Аль вэ, манай найз охин ирчихлээ” гэхээр нь би шууд үсэрчихсэн. Уг нь “Хэдэн давхар вэ” гэж асуугаад, “Больё, больё” хэмээн хэлэх учиртай шүү дээ. Зохиолынхоо дагуу бол. Тэгэхэд Тэмка их гайхан, тоглолтон дээр элгээ хөштөл инээж билээ.

Бас нэг удаа орон нутагт тоглолт хийж байв. Баатархүү ах “Хүмүүсээ, мянган төгрөг байвал өгөөч” гэсэн чинь үзэгчдийн суудлаас нэг хүүхэд мянган төгрөг барьсаар тайзан дээр гараад ирж билээ. Уг нь өөр жүжигчин гарч ирээд өгөх учиртай байхгүй юу.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button